2015/01/23

Төсвийн дагалдах хуулиудыг хэлэлцэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлэгдсэн дагалдах 20 гаруй хуулийн төслүүдийг хэлэлцээд 13 хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталж, мөн зарим төслүүдийг төсөл санаачлагчид буцаалаа.

Дээрх хуулиудыг батлах өмнө УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Засгийн газар төрийн албыг цомхон болгох зорилгоор орон тоог цомхотгох асуудлыг оруулж ирснийг дэмжиж байгаа. Гэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээс нэлээд нь буцаж, нэлээд хэсэгт засвар орлоо. Сэтгэл ханамж ямар байна вэ" гэсэн асуултыг сайд нарт хандан тавьсан юм.

Гэвч УИХ хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа учраас түүнд Засгийн газрын гишүүд хариулах боломжгүй хэмээн дэгийн хуульд заасан тул хариулт авч чадсангүй.

УИХ-аар дараах хуулиудыг баталж, мөн буцаагаад байна. Үүнд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Орон сууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг бусад хуулийн төслүүдийн үндсэн үзэл баримтлалыг хөндөхгүйгээр төслийн зарим зүйл, заалтыг өөрчлөн найруулах санал гаргасныг хэлэлцэж дэмжив. Түүнчлэн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаах тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж, тогтоолын төслийг батлагдсанд тооцохоор болов.

Г.ДАРЬ

 

0 сэтгэгдэл:

Post a Comment