2015/03/05

Д.Батцогт “Кохлеар Монголиа” ТББ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын хүний гавьяат эмч Б.Эрдэнэчулуун, "Кохлеар Монголиа" төрийн бус байгууллагын тэргүүн, Дунгийн суулгацын дараах хэл заслын сургуулийн захирал М.Ариунчимэг нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Манай улсад жилд 1000-1500 төрөлт тутамд нэг хүүхэд таг дүлий төрдөг гэсэн судалгаа байдаг. Гэвч хөрөнгө санхүүгийн хүндрэлээс эмнэлгийн тусламж авч чадахгүй, нийгмээс тусгаарлагдаж, хөгжлийн бэрхшээлтэй болсоор байгаа тухай Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Эрдэнэчулуун байнгын хорооны даргад танилцууллаа.

Мөн 2015 оны Монгол Улсын төсөвт таг дүлий хүнийг сонсгол оруулах "Дунгийн суулгац" хагалгааны багц багтаагүй хэмээгээд Австралийн Кохлеар фирм энэ онд "Дунгийн суулгац" хагалгаа хийлгэх Монгол хүүхдүүдийн төлөө 33500 ам доллараар нийлүүлж байсан суулгацынхаа үнийг 14000 ам доллар болгон бууруулж байгаа. Гэрээний үндсэн дээр энэ онд багтаан 20 хүртэл ширхэг аппарат нийлүүлэхээр болж буй. Энэ сарын 25-26-ны өдрүүдэд Австралийн Кохлеар фирмийн ерөнхийлөгч манай улсад ирэх үеэр нь байнгын хорооны даргын хувьд  хүлээн авч уулзахыг хүссэн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0 сэтгэгдэл:

Post a Comment