2015/05/26

МАН-ынхан байнгын хороог орхиж гарав

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч МАН-ын гишүүд хуралдааныг орхин гарсан учраас ирц бүрдэлгүй хойшиллоо. Энэ талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатараас тодруулахад "Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн мэдээллийг сонсох байсан. Одоогоос 20 гаруй хоногийн өмнө манай байнгын хороогоор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн мэдээллийг сонсох үеэр тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлаар 14 хоногийн хугацаатай санал боловсруулж оруулж ирэхийг үүрэг болгосон. 14 хоногийн хугацаа нь өнгөрөөд, дахиад 14 хоног болж байна. Нийтдээ 20 гаруй хоног өнгөрч байна. Тиймээс байнгын хорооноос хугацаатай үүрэг болгосны дагуу холбогдох яам тэтгэврийн зээлийг бууруулах асуудлаарх саналыг оруулж иртэл байнгын хорооны хуралдаанд суухгүй. Энэ долоо хоногт юм уу эсвэл дараа долоо хоногт хуралдах байнгын хорооны хуралдаанаар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг оруулж ирж хэлэлцүүлсний дараа хуралдаанд оролцох боломжтой" гэлээ.

Тэрбээр тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлыг хариуцаж байгаа НДЕГ, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл шийдэл гарах хэрэгтэй гэсэн шаардлагыг тавихаа энэ үеэр мэдээллээ.

С.ОТГОН

 

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment