2015/05/27

Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн  төслийг  хэлэлцлээ. Гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа санал хураахад гишүүдийн 75 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Ингэснээр хуулийн  төслийг Хуульзүйн  байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн төслийг хэлэлцэх явцад гишүүд Үндсэн хуултай зөрчилдөх эсэх, луйвар, наймаа цэцэглэх, хүүхдэд өмчлүүлсэн газрыг хэрхэх талаар асуулт асууж  байлаа.  Хууль зүйн сайд Д.Дорлигжав дээрх хуулийн төсөл Үндсэн хуультай огт зөрчилдөхгүй гэсэн юм.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Монгол Улсад байгаа хөрөнгийн бүртгэлийг сайжруулах, хөрөнгийн эргэлтийг нэмэгдүүлэх, зах зээлийн харилцаанд зээлийн эрсдлийг бууруулах чиглэлээр хуулийн төсөл санаачилж байгааг дэмжиж байна. Гэхдээ энэ төрлийн гурван маргаан цэц дээр унасан. Цэц үндсэн хуулийг үгчилж авч үзээд унагаад байна. Хуулийн төслийн агуулга үндсэн хуультай зөрчилдөхгүй. Иргэн өөрийнхөө өмчлөх эрхтэй холбоотой асуудлаар шүүхээр явахгүй, маргахгүй гээд гэрээ байгуулж байгаа. Гэтэл цэц шүүхэд иргэн гомдол гаргах, давж заалдах эрхтэй гэснийг хязгаарлаж байна гэж үзээд байна. Сая Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуультай холбоотой маргааныг ингэж шийдсэн  байгаа юм. Уг нь талуудын гэрээний эрх чөлөөний үндсэн дээр хийж байгаа асуудал. Энэ бол социалист иргэний эрх зүй биш гэдгийг УИХ-ын түвшинд ярих шаардлагатай. Энэ  хууль дахиад  цэцэд очно. Дахиад үгчилсэн хэлбэрээр тайлбар гарч магадгүй.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Хуулийн  төслийг огт дэмжихгүй байна. Бизнес хийх нөхцлийг бүрдүүлчихээд ийм хууль гаргаарай. Энэ бол зэрлэг капитлизм руугаа орж байгаа хэрэг. Байраа хураалгах гээд уйлаад явж байгаа хүмүүсээс судалгаа авсан уу. Зээл авах гэж байгаа хүн мөнгө өгөх хүн хоёрын хооронд эрх тэгш байдал алга. Хоёр тал тохиролцох, давж заалдах эрхгүйгээр зээл авах асуудал байж таарахгүй.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав: Хууль гараагүй учраас хүмүүсээс судалгаа авах боломжгүй л дээ. Үндсэн хуультай зөрчилдөөгүй гэдгийг Иргэний хуульд заасан шүүхийн оролцоо, нотариатын оролцоог баталгаажуулах гэдгээр баталж чадна. Иргэдэд сонголтыг олгосон. Энэ хууль гарахгүй бол газраа эргэлтэд оруулж чадахгүй. Байр сууц гэдэг гэрээний хариуцлага, өөрийн эрсдлээ хүлээх хариуцлага юм.

УИХ-ын гишүүн Л.Болд: Цаг үеэ олсон хууль учраас дэмжиж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөр иргэн бүрт газар эзэмшүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг тусгасан. С.Ганбаатар гишүүний болгоомжлол нэг талаас зөв. Гарын үсэг  зураад л газраа алдчихгүй байхаар хамгаалалт байх ёстой. Үүнийг тусгах бололцоотой юу. Өнөөдрийг хүртэл газартай холбоотой луйвар их байна. Хууль ёсоор байшингаа зарчихаад газрынхаа гэрчилгээг аваад үлдчихдэг луйврын хэргүүд гарч байна. Ийм хэрэг гарахгүй байх үүднээс хамгаалалт байх ёстой. Үүнийг тусгахыг Засгийн газар дэмжиж байна уу?

-Д.Дорлигжав: Насанд хүрээгүй хүмүүс, эрхзүйн чадамжгүй хүмүүсийн газрыг эргэлтэд оруулахыг хязгаарлах заалт оруулах уу гэж асууж байсан. Үүнийг шууд хязгаарлах нь иргэний хуулийн суурь зохицуулалттай зөрчилдөх гээд байгаа. Газар үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой луйвар их байдаг.  Хууль дээр газар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг нэг болгох зохицуулалт бий. Өөр хуулиудад байгаа зохицуулалтыг энэ хуульд татаж оруулах боломжгүй. Нэмэх шаардлагагүй гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Хэдхэн хүн 20 жил банк санхүүгийн сүлжээг атгаж, мөнгө хүүлж байна. Нэг талд мөнгө хүүлэгч, нөгөө талд мөнхийн мөнгөний гачаалд байдаг иргэд байна. Энэ хуульд сонголт байхгүй шүү. Газар эдийн засгийн эргэлтэд орохгүй байна гээд  асуудалд өнгөц хандаж болохгүй. Сүүлийн үед ямар хүн мөнгө хүүлэх вэ, ямар зохион байгуулалтад ороод хэн газрыг  цуглуулах уу гэдэг асуудал байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: Хэлэлцэхийг дэмжиж байна. Гэхдээ хүүхдийн газар дээр анхаарах шаардлагатай. Иргэний хуулиар хүүхдийн газрын асуудал явах гээд  байгаа бол иргэний хуульд газрын тухай асуудлыг тусад нь оруулж, энэ асуудлыг тусгах  хэрэгтэй гэж бодож байна. Хүүхдийг нэг настай байхад авсан газар 18 нас хүрэхэд илүү үнэд орно. Үүнийг нэг хуульд оруулах  нь учир  дутагдалтай. Газар өмчлөх эрх зөвхөн Монгол Улсын иргэнд байгаа учраас онцгой анхаарах ёстой.

УИХ-ын гишүүн Д.Баярсайхан: 2004 оноос иргэн бүрт газар эзэмшүүлэхээр болсон. Газрын хэмжэнэ, эдийн засгийн эргэлтэд оруулахдаа ямар бодлого баримтлах нь тодорхойгүй  явж ирлээ. Хөрөнгийн үнэлгээний хуульд үл хөдлөх хөрөнгийг газрын хамт барьцаалж болно гэж заасан.  Гэтэл газар өөр өөр үнэтэй байна. Хэдхэн төгрөгөөр газраа барьцаалаад явж болохгүй. Энэ бүхнийг хэлэлцүүлгийн явцад анхаарахыг хүсье.

-УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Долоо хэмжиж нэг огтол гэдэг. Унгар ийм хуультайгаас өнөөдөр хүнд нөхцөлд орсон. Тэд виноны үйлдвэрээс бусдыг гадныханд алдсан. Манайх 22-24 хувийн хүүтэй байгаа. Бизнес хийх орчин бүрдээгүй  байна. Орчноо бүрдүүлж байж  ийм хууль оруулж ирээч. Судалгаа тооцоотой хандаачээ. Мөнгө хүүлэгчид барьцаа хөрөнгийг хурдан авах гэсэн хүмүүсийн захиалгын хууль.

-УИХ-ын дарга З.Энхболд: Гадаадын иргэнд газар худалдах тухай энэ хуулиар огт яригдахгүй. 1992 оны Үндсэн хуулиар газар өмчлөх 2002 оноос хойш хоорондоо худалдаж болдог  болсон.  Хэтэрхий муутгаж ярилгүйгээр шийдээд явах нь зүйтэй. Өмчлөх эрхийг нь өгчихөөд мөнгө болгоё гэхээр нь хясаад байж болохгүй. Хувь хүний хариуцлагын асуудал. Одоогийнхоороо байвал юу ч өөрчлөгдөхгүй. Үндсэн хуулийн эсрэг юм яриад байна. Үндсэн хуулийнхаа 6-р зүйлийг унш, С.Ганбаатар гишүүн ээ.

Өнөөдөр хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй, их хэмжээний хөрөнгийг үр ашиггүй байлгах, зээл, санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгон ашиглах боломж олгохгүй байна гэж үзэж хууль санаачлагчид үзэж байна. Ялангуяа уул уурхайн үйлдвэрлэл эрчимжиж, өндөр үнэ бүхий тоног төхөөрөмж ихээр ашиглах болсон өнөө үед хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгэж, тэдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлага гарч байна. Үүнээс гадна хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны нэгдсэн бүртгэл байхгүйгээс нэг барьцаа хөрөнгийг хэд хэдэн зээлийн барьцаанд зэрэг тавьж, зээлдүүлэгчийн эрх ашиг зөрчигдөх тохиолдлууд нэлээд гарч байна. Энэ нь зээлдүүлэгчийн зээлээ эргэн төлүүлэх боломжийг хязгаарлах, улмаар зээл олголтдоо хязгаарлалттай хандах шалтгаан болж байгаа аж.

Харин одоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

С.ОТГОН

 

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment