2015/05/27

Г.Дэнзэн: Би бохир улс төрийн золиос болсон

ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнтэй ярилцлаа.

-"АТГ-т шалгагдаж байсан Г.Дэнзэн Герман руу зугтжээ" гэсэн мэдээлэл хэдэн сарын турш хэвлэлийн хуудаснаас салаагүй. Харин сүүлийн хэд хоног энэ мэдээлэл "Дэнзэн Германаас иржээ" гэсэн мэдээгээр солигджээ. Хэзээ Германаас ирэв ээ?

-Германы Дюссельдорф хотод математикийнхаа чиглэлээр мэргэжил дээшлүүлэх дөрвөн сарын сургалтад суучихаад, ирээд хэдхэн хонож байна. Хэвлэлээр шуугисан шиг зугтаагүй, мөн АТГ болон ямар ч хуулийн байгууллагаас намайг дуудаж шалгаагүй. Эрэн сурвалжилж байгаа гэдэг бол бүр худлаа. Тийм болоод л одоо чиний өмнө сууж байна.

-Уучлаарай, АТГ-аас зугтаагүй юм бол энд яагаад таныг оргон зайлсан мэтээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн юм бэ?

-Одоо та бүхэнд шалтгаан нь ойлгомжтой болж байгаа болов уу. Үйл ажиллагаа нь эрс сайжирч, олборлолт борлуулалт нь хэд дахин нэмэгдсэн төрийн өмчит "Эрдэнэс-Тавантолгой" компанийг төрийн луйварчид баллаж дуусгахаас нь өмнө аварч хувийн хэвшилд шилжүүлье гэдэг "найруулгатай" жүжиг ид өрнөж байгаа. Үүнийг бүгдээрээ л харж байна. Энэ жүжгээ амжилттай болгохын тулд хуучин муу дүрээ сэргээж ашиглаж байгаа л төдий юм.

Үнэндээ би "ардчилал"-ыг муухай харагдуулахын тулд сөрөг хүчний хөрөнгөтэй залуусын "зохиож" бий болгосон зохиомол дүр. Энэ дүрийг "Шинэчлэл"-ийн Засгийн газрыг огцруулахдаа амжилттай ашигласан "ах" нар одоо ээлжит хулгай дээрээ дахин ашиглах гэж оролдож байгаа нь үнэхээр зэвүүцэм санагдаж байна.

-Та их бухимдалтай байгаа юм аа даа?

-Би одоо 27 настай, залуу хүн. Аливаа юманд хэм хэмжээ гэж байдаг. Эхний удаа хүмүүсийн зөвлөсний дагуу "улс төр юм даа" гээд дуугүй золиослогдоод өнгөрөөсөн. Гэтэл энэ удаа арай л хатуудаж байна. Миний амьдрал, хийж бүтээх бүхэн урд маань байна. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө урам зоригтойгоор зүтгэж эхлэх насан дээрээ бохир улс төрийн золиос болж, амьдарч буй нийгэмдээ буруутан болж харагдахыг ямар залуу хүн хүсэх вэ дээ. Өнөөдөр намайг золигт гарган бохир улс төр хийж байгаа "ах" нараас 27, 28-тайдаа та нарыг хувьсгал хийж байхад чинь өмнөх үе чинь ингэж зүхэж золиослож байсан уу гэх мэт олон зүйл асуумаар л байдаг. Бухимдал гэж илэрхийлэхэд ч багадмаар хэцүү цаг үеүдийг туулж байна. Бид залуу гэр бүл, хүүхдүүд өсч том болж байна. Огт хамаагүй зүйлсээс болж хүн бүрийн харцанд зэмлүүлж амьдарсаар байх уу гээд олон бухимдмаар зүйл байна даа. Маш их зүйлийг тайвнаар хүлээж аван хүлээцтэй хандахыг л хичээх юм.

-Гэхдээ огт хаа хамаагүй залууг нийгмийн муу дүр болгож зарлаагүй ш дээ. Та бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Дэнзэн. Хүргэнээ төрийн тэр том албан тушаалд томилсон нь олз болж эхэлсэн юм биш үү?

-Нэгдүгээрт, Н.Алтанхуяг дарга манай хадам аав биш гэдгийг дахин хэлье. Би дүүгийнх нь охинтой хамт ажиллаж байхдаа дотносож танилцаад гэр бүл болсон энгийн л нэг залуу.  Н.Алтанхуяг даргатай бол бүр 2007 оноос хамт ажиллаж байгаа. Түүх нь гэвэл УИХ дахь АН-ын бүлэгт зөвлөхөөр ажиллаж байхдаа сургуулиа дөнгөж төгссөн намайг багшаар минь дамжуулан дуудаж уулзаад, "Надад гурван бодлого байна. Энэ гурван бодлогыг бодоход чи туслалцаа үзүүлэх хэрэгтэй байна" гэсэн. Би ч "За" л гэсэн. Бид хоёрын танилцсан түүх энэ. 

-Ямар гурван бодлого вэ?

-Эхнийх нь төрийн албан хаагчийн цалинг 500 мянган төгрөг болгох тухай байсан. Нөгөө хоёр нь Оюутолгой, Тавантолгой дээр тооцоо бодож, математик загвар боловсруулах гэсэн ийм гурван бодлого л доо. Бодох нь ээ, хэрэглээний математикч болохоор надад хандсан нь тэр байж. Аливаа байгалийн шинжлэл, физик, механик, эдийн засгийн аливаа үзэгдэл, процессийн математик загварыг дифференциал тэгшитгэл байдлаар томъёолж боддог. Бодит амьдрал дээр аливаа тэгшитгэлийн шийдийг олоход хүнд, стандарт бус хэлбэртэй байдаг. Иймд  энийг нь тооцон бодох аргаар боддог юм л даа. Бас миний мэргэшсэн салбар бол оптимизаци. Энэ чиглэлээр мэргэшсэн болохоор тэр гурван бодлогыг нь бодъё, чадна гэсэн. Тэгээд математик загварыг нь боловсруулахаар болсон. Ингээд би УИХ дахь АН-ын бүлгийн ажилтан болсон. Тэр үеэс судалгаа, шинжилгээний ажлаа хийж эхэлсэн. Ингэж явсаар 2008 оны сонгуультай золгосон юмдаг. Сонгуулийн дараа би ажлуудаа дуусгаж, тодорхой үр дүнд хүрчихсэн байсан. Тэгэхэд Н.Алтанхуяг дарга намайг "Энэ нөхөр хийвэл хийдэг юм байна. Үр дүнг нь гаргачихдаг юм байна" гэж үнэлсэн юм болов уу, 2008-2012 онд хамтарсан Засгийн газарт Тэргүүн шадар сайдаар ажиллахдаа намайг зөвлөх, дараа нь ахлах зөвлөхөөрөө ажиллуулсан. Тэгээд л 2012 оны сонгууль болж, түүнээс хойшхийг нь хүмүүс мэдэж байгаа байлгүй дээ.

-Тэгээд яаж яваад даргатайгаа ураг төрлийн холбоотой болчихсон юм бэ?

-Намайг Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байх үед буюу 2011 онд гадаадад сургууль төгссөн боловсролтой нэг бүсгүй Н.Алтанхуяг даргын зөвлөхөөр ажилд орсон. Залуу хүмүүс танилцсан, үерхсэн, нэг нэгэндээ татагдсан. Бусад залуусын адил л бид хоёр учирсан.

-Анх танилцахдаа хамаатан гэдгийг нь мэдээгүй юм уу?

-Мэдээгүй. Найз охин маань ч би хамаатан нь гэж хэлээгүй. Дараахан нь хамаатан гэдгийг нь мэдсэн. "Дэнзэнгийн хадам аав" гэдэг яриа бол ийм л түүхтэй. Ер нь бол даргатайгаа хамаатан болж болохгүй гэсэн хууль байхгүй биз дээ. Гэхдээ Н.Алтанхуяг дарга бид хоёр хамаатан боллоо гээд өмнөх харилцаа огт өөрчлөгдөөгүй. Ажил хэргээ зөвшилцдөг, ярилцдаг, заадаг, зөвлөдөг яг ямар байсан тэр янзаараа л үргэлжилсэн.

-Наадах чинь үнэн үү. Н.Алтанхуяг дарга Ерөнхий сайд болонгуутаа л чамайг хамаатан нь учраас ЗГХЭГ-ын дэд даргаар томилсон биз дээ. Зүгээр нэг Дэнзэн, хамаатны залуу Дэнзэн хоёрт яаж ч бодсон ялгаа байгаа байлгүй дээ?

-Хүмүүс тэгж боддог, харддаг, бүр ярьдаг. Үнэндээ тийм юм огт байхгүй. Би бас АН-ын ҮЗХ-ны гишүүн хүн. Өмнө нь улс төрийн албан тушаал хашиж явсан туршлага ч бий. Энэ чухал биш юм гэхэд надад бас багахан ч гэсэн давуу тал байсан болов уу. 2008-2012 оны хамтарсан Засгийн газрын үед яг Хэрэг эрхлэх газарт ажиллаж байсан хүн манай намаас гурав, дөрөвхөн байдаг юм. Тэдний нэг нь би. Тийм болоод л Засгийн газрын үйл ажиллагааг мэддэг, дотоод зохион байгуулалт, процесс, дүрэм журмыг нь дахин судлах шаардлагагүй болохоор намайг ЗГХЭГ-ын дэд даргаар томилсон байх. Тэр үед ЗГХЭГ-ын дарга нь одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг байсан. Н.Алтанхуяг дарга, Ч.Сайханбилэг дарга хоёр "ЗГХЭГ-ын дэд дарга болж залуу хүний эрч хүчээр шинэлэг ажлууд хийгээч ээ, нам, бүлэг, ажлын албан дээр ажиллаж байсан шинэлэг арга барилаа нэвтрүүлэх гэж оролдооч ээ" гэж л санал тавьсан. Ингэж би 2012 оны есдүгээр сард ЗГХЭГ-ын дэд даргаар томилогдсон. Тэнд есөн сар ажилласан.

-Энэ богино хугацаанд яагаад тийм олон хүний дургүйг хүргэсэн юм бэ. Ер нь бол энэ есөн сарын хугацаанд Г.Дэнзэн шиг муу хүн Монголд байгаагүй ш дээ. Би санаж л байна. Одоо ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга хийж байгаа, тухайн үед ч энэ албыг хашиж байсан Ш.Солонго "Юу ч мэдэхгүй жаахан хүүхэд ирээд төрийн албыг самарч байна даа" гэсэн халагласан утгатай ярилцлага хүртэл өгч л байсан. Чи яг юу хийчихсэн юм бэ?

-Би ЗГХЭГ-ын дэд дарга болчихоод үндсэн хоёр функц хариуцаж ажилласан. Угаасаа дэд даргын хариуцдаг ажлууд л даа. Эхнийх нь Орон нутгийн удирдлага, хөгжлийн газар. Нөгөө нь Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газар юм. Яахав залуу хүний эрч хүчээр шинэ, шинэлэг зүйлс хийчихье гэж нэлээд оролдсон. Үнэхээр тэгэхээс ч өөр арга байгаагүй. ЗГХЭГ гэдэг их хөшүүн хойрго, хүнд сурталтай, өөрчлөх юм ихтэй газар байсан. Тиймээс би эхлээд энэ хөшүүн хойрго байдлыг нь засъя, шинэлэг хэлбэрээр ажиллая гэж бодсон, зорьсон. Зорьсон зарим ажлаа ч хийж чадсан. Хийсэн, эхлүүлсэн шинэлэг ажлууд маань ч одоо үргэлжлээд явж байгаа байх. Ганц нэгийг нь одоо хэлж болно биз дээ.

-Мэдээж.

-Жишээ нь, орон нутгийн хөрөнгө оруулалт хариуцсан хүн Баян-Өлгий аймгаас онгоц, байр, хоолны мөнгө гээд өчнөөн зардал гаргаж 1000 гаруй км туулан байж Улаанбаатарт ирдэг. Тэгээд яадаг гэхээр Сангийн яамны нэг хэлтсийн даргын үүд сахидаг. Аймгийнхаа асуудлыг шийдэх гэж гуйдаг, царайчилдаг ийм л байсан. Би яасан гэхээр хугацаа, мөнгө үрсэн энэ тогтолцоог өөрчилж, "Цахим хурал" бий болгосон. Ингээд яадаг болсон гэхээр Ерөнхий сайд шууд аймгийн удирдлагууд, холбогдох хүмүүстэй нь цахимаар холбогддог болсон. Хажуудаа нөгөө Сангийн яамны хэлтсийн даргыг, шийдвэр гаргах хүмүүсийг нь суулгачихдаг. Цаг, мөнгө үрэхгүйгээр интернэт ашиглан нүүр нүүрээ харж суугаад асуудал шийддэг энэ хэлбэрийг бий болгосон юм. Бас "Хариуцлага, хэрэгжилт, хяналт" гээд яамдтай хийдэг цахим хурал байна. Ингэснээр энэ яам ийм сайн ажил хийжээ, ийм ажлаа сайжруулах хэрэгтэй байна гээд шууд ярьдаг болсон. Энэ нь үр дүнгээ өгсөн байх. Яагаад гэхээр одоо ч үргэлжилсээр л байна шүү дээ. Дэнзэн хийсэн юм чинь гээд арай ч баллуурдаж болохгүй байлгүй дээ.

Миний санаачилсан бас нэг ажил бол "11 11" төв. Намайг АН-ын шуурхай албанд байхад манайхан ярилцаж байгаад "1206" гэдэг утас ажиллуулсан юм. Тэр утсаар орон нутгийн намаасаа мэдээлэл авдаг, шуурхай холбогддог байсан юм л даа. Үүнээсээ санаа авч "Шинэчлэл"-ийн Засгийн газрын "11 11" утсыг ажиллуулж ард иргэдийнхээ санаа, оноог сонсдог болсон. Иймэрхүү шинэлэг ажлууд хийх гэж оролдсон минь одоо ч зарим нь үргэлжилж байна.  

-Ийм ажлууд хийсэн хүнийг Ш.Солонго дарга яагаад тэгж хэлсэн юм бол оо?

-Ш.Солонго даргын хувьд 30 гаруй жил Монгол төрийн төлөө ажиллахдаа хийж бүтээснийг нь би хувьдаа маш их хүндэтгэдэг. Тэр хүний олон жил хичээж ажилласан туршлага, арга барилаас маш их зүйл сурсан. Гэхдээ хорвоогийн хууль хатуу, хааны алба халаатай гэдэг. Илүү хурд, илүү эрч хүч, илүү орчин үеийн арга барил шаардсан ажлууд хүлээж байсан учраас удирдлагууд бидэнд итгэл өгсөн. Бид ч итгэлийг нь алдахгүйг хичээж зүтгэсэн. Олон жил хийж гаршин, нэгэн хэвийн стандарт хэв маягт орсон ажлыг нь залуу баг орж ирээд өөрчилж, шинэчлээд, бужигнуулаад эхлэхээр бухимдал нь жаахан илэрсэн болов уу. "Ишшш энэ одооны залуусыг яая даа" гэсээр үе солигддог нь хорвоогийн л үнэн байх.

-ЗГХЭГ-ын дэд дарга нь хяналт, шалгалтаа хариуцдаг нь бас чам дээр гал дуудсан юм биш үү?

-Хяналт, шалгалтын тухайд би бүр эхнээс нь ярьж өгье. Анх 2012 оны есдүгээр сард ЗГХЭГ-ын дэд даргаар томилогдсоны дараахан Ерөнхий сайд Н.Алтанхуяг баруун гурван аймагт ажилласан юм. Ховд, Увс, Баян-Өлгийд Ерөнхий сайдыг ажиллах энэ хугацаанд аймгийн удирдлагуудаас ч, иргэдээс ч гарч байсан гол санал нь нэг зүйл дээр их төвлөрдөг байсан л даа. Тэр нь дуусаагүй объект. "Хүүхдээ цэцэрлэгт өгөх гэсэн юм. Гэтэл энэ цэцэрлэг чинь дөрвөн жил баригдаж байгаа мөртлөө ашиглалтад ордоггүй ээ", эсвэл "Энэ эмнэлгийн барилга гурван жил боллоо. Хэзээ ашиглалтад орж, хэзээ бид эмчлүүлэх вэ" гэсэн асуулт иргэдээс хамгийн их гардаг байсан. Тэгээд хотод буцаж ирээд би дуусаагүй барилгын жагсаалтыг улсын хэмжээнд гаргаж үзэхэд тухайн үед 133 объект байсан. Тэр бүгдэд шалгалт оруулаад үзэхэд маш олон зөрчил илэрсэн.

-Нөгөө "Авлигажсан төсөв" гэдэг үү?

-Тийм, 2009 онд төсөвт өртөг нь 800 сая төгрөгөөр эхэлсэн сургуулийн барилга дараа жил нь дуусдаггүй. Тэгсэн хэрнээ санхүү, эдийн засгийн хүндрэлээс боллоо гээд төсөвт өртөг нь 1.5 тэрбум болоод батлагдчихсан байх жишээтэй. Дараа жил нь дахиад л ямар нэгэн шалтгаанаар төсөвт өртөг нь нэмэгддэг.

Замын ажлуудыг хэлж болж байна. Дуусаагүй хэрнээ жил бүр үнийн дүн нь өсөөд явдаг том зөрчил байсан. Бас нэг нь тендерт ялсан компаниуд нь ажлаа хийж дуусдаггүй мөртлөө санхүүжилтээ аваад байдаг зөрчил. Барилгынхаа 30 хувийг л барьсан хэрнээ Сангийн яамнаас яагаад ч юм 70 хувийн санхүүжилт авчихдаг. Тэгээд барилгаа гүйцээдэггүй. Иймэрхүү зөрчил их илэрсэн. Сангийн яам, компаниудыг нь дуудаад асуухаар янз бүрийн шалтаг тоочдог. Зураг төсөл нь буруу байсан ч гэдэг юм уу, төсөвт өртгийг нь анх буруу тооцчихсон юм билээ ч гэх шиг. Дээр нь УИХ-ын гишүүдийн тэрбумын багцаас гээд төсөвлөчихсөн хэрнээ дуусдаггүй объектууд байсан юм. Би залуу хүний хувьд иймэрхүү луйврын шинжтэй үйлдлүүдийг хараад үнэхээр гайхсан. Өөрчилж, цэгцэлье гэж шийдсэн учраас "Хариуцлага, хяналт, хэрэгжилт" цахим хурлаараа олон нийтэд хүргэж эхэлсэн. Нэг ёсондоо зарласан. Иргэд ч сайн үнэлгээ өгсөн гэж боддог. Одоо л энэ улс хариуцлагатай болж эхэлж байгаа юм байна, одоо л хяналттай, одоо л ажлаа хэрэгжүүлдэг болох нь гэсэн хүлээлт, ойлголт нийгэмд төрсөн. Хожмоо "Авлигажсан төсөв" гэж зарладгийн үндэс нь ч энэ л дээ.

Дуусаагүй объектийн энэ зөрчлийг зарласан нь над руу маш том гал дуудсан гэж би одоо боддог юм. Ажлын хэсгийг нь ахалсан болохоор тухайн үед "Энэ Дэнзэн гэдэг нөхөр хэн бэ" гээд хүмүүс асууж сураглаж эхэлсэн байдаг юм билээ. 

-Төрийн авлига, хүнд сурталтай тэмцсэн гэж та ярилаа. Гэтэл таныг ч бас "Эрдэнэс-Тавантолгой" компанийн ТУЗ-ийн дарга байхдаа их хэмжээний мөнгө завшсан гэдгийг УИХ дахь МАН-ын бүлэг барин тавин нотолдог шүү дээ. Би танай эхнэр Уянга өөрийн эзэмшлийн "Говь повер" компаниараа дамжуулж "Эрдэнэс-Тавантолгой"-гоос авсан 17 тэрбумын тендерийг асуугаад байна л даа.

-"Эрдэнэс-Тавантолгой"-н ТУЗ-ийн даргын ажлыг би долоон сар орчим хугацаанд л хашсан байдаг юм. Энэ хугацаанд 17 тэрбум байтугай нэг ч төгрөгийн тендер аваагүй гэдгээ хатуу мэдэгдье. Анх намайг энэ компанид очиход үнэхээр хүндрэлтэй нөхцөлүүд угтсан. 350 сая ам.долларын зээл аваад ард иргэддээ тараачихсан, компанийн санхүүгийн байдал маш хүнд байсан үе. Тэгээд би яаж босгох вэ гэж бодсон. Математикч мэргэжилтэйн хувьд үйлдвэрлэлийн функц гаргаад тухайн компанийг яаж ашигтай ажиллуулах вэ, зардлыг нь яаж хэмнэх вэ гээд бодлого зохиосон. Ер нь бол зардал хэмнэхээс ажлаа эхэлсэн. Яагаад гэхээр маш үрэлгэн гэмээр зардлууд "Эрдэнэс-Тавантолгой"-д байсан. Хоёр гадаад захиралтай, тэд нь жилдээ 300 сая төгрөгийн цалинтай, сарын зургаан сая, жилдээ 72 сая төгрөгөөр Зайсанд орон сууц хөлсөлж амьдардаг байсан. Ингээд зогсохгүй эхнэр, хүүхэдтэйгээ жилд 2-3 удаа гадаадад зорчих зардлыг нь даадаг гэрээтэй байсан юм. Санхүү эрхэлсэн дэд захирал нь өмнө нь ажиллаж байсан судалгааны компанидаа давуу эрхтэйгээр ажил хариуцуулах жишээтэй. Иймэрхүү гаж тогтолцоотой байсныг нь өөрчилсөн. Ер нь бол ажил авангуутаа энэ бүхнийг цэгцлэх ёстой гэж бодсон. Яагаад гэвэл, ТУЗ-ийн хэлэлцэх асуудлын хүрээ нь захирал, гүйцэтгэх захирал, дэд захирлыг томилж, чөлөөлдөг, хариуцлага тооцдог, жилийн төсвийг нь баталдаг ийм л эрх үүрэгтэй байсан. Түүнээс боловсон хүчний бодлого, дотоод урсгал зардал, хөрөнгө оруулалтын асуудалд оролцдоггүй. Тэгээд ч ТУЗ-ийн шийдвэр гэдэг хамтынх байдаг, ганц Г.Дэнзэнгийнх биш.

-Гэхдээ Я.Батсуурь захирлыг энэ хэрэгт холбогдуулж шалгасан шүү дээ?

-Би гайхдаг л юм. "Эрдэнэс-Тавантолгой"-н гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Я.Батсуурь, түүний хамт олон үнэхээр сайн ажилласан. Магадгүй Я.Батсуурь захирал өөрөө улстөрч, бас дипломатч хүн болохоор энэ арга барилаа ашиглаж гадаад, дотоодын компаниудтай амжилттай харилцаж байсан байх. Компанийг зөв төвшинд аваачиж ажиллахын төлөө их хүчин чармайлт гаргаж "Эрдэнэс-Тавантолгой"-н үйл ажиллагааг ахицтай, бодитоор сайжруулж чадсан хүн.

Хүмүүс Тавантолгойг их амархан төсөл юм шиг ойлгодог. Тийм болоод л бүгд ярьдаг биз. Гэтэл үнэндээ яг нүүрсээ ухах, тэнд ажиллаж байгаа ажилчдын байдал зэргийг авч үзвэл үнэхээр хүнд ш дээ. Гадаад захирлууд нь 300 саяын цалин авч байхад жирийн уурхайчин нь сарын 600 мянган төгрөгийн л цалинтай ажилладаг. Магадгүй улстөрчид "Эрдэнэс-Тавантолгой"-г "Эрдэнэт" үйлдвэр шиг саалийн үнээгээ болгоно гэж хардаг байх. Харин Я.Батсуурь захирал болон ТУЗ энэ бүхний эсрэг ажиллаж төрийн өмчит компанийг ашигтай, тогтвортой ажиллаж болдгийг бодитоор нотлон харуулж чадсан.

-"Говь повер"-ийн тухайд юу хэлэх вэ?

-Нэг л өглөө тийм сенсаац мэдээ сайтуудаар гарч ирсэн. Ёстой юу ч мэдээгүй, юу ч мэдэхгүй байхад л над руу дайралтууд ирж эхэлсэн л дээ. Зогсоо зайгүй, тасралтгүй гүтгээд унахаар хүн эхэндээ "пааниг"-т ордог юм билээ. Юу болоод байгааг ч ойлгохоо байсан. Өөрөө тайлбарлая гэхээр хүмүүс хүлээж авахгүй байсан.

-Яагаад?

-Би уг нь ийм юм хийгээгүй гэж эхлээд мэдэгдэл хүртэл гаргасан шүү дээ. Гэвч олон нийтэд нэг л буруу ойлголт төрүүлчихсэн бол буцааж эргүүлнэ гэдэг их хэцүү юм билээ. Худал үгийг мянга давтахаар үнэн болдог гэдэг шиг бүх юм болчихсон учраас би яаж ч тайлбарлаад нэмэр болоогүй. Монголчууд маань өөрийгөө өмөөрсөн хүнд дургүй байдаг юм шиг санагдсан. Тухайн үеийн нийгмийн сэтгэл зүйг харахад яаж ч нотлох гээд болохгүй байсан л даа. Бүх л сонин хэвлэлээр "Н.Алтанхуягийн хүргэн Дэнзэн бол муу хүн" гэсэн зохион байгуулалттай PR явчихсан.

-Гэхдээ зарим баримт бол үгүйсгэхийн аргагүй л байдаг ш дээ. Танай эхнэр Уянгын нэр дээр "Говь повер" байсан биз дээ?

-Манай эхнэр хүүхдээ гаргачихсан, нярай биетэй гэртээ байсан үе. Юун тендер, юун Тавантолгой вэ. Тэгээд ч тэр компанийн Уянга нь "Ж" овогтой байсан. Манай эхнэр бол Г.Уянга. Би тэгээд ч тэр компанитай холбогдъё гэж бодоогүй. Аягүй бол асууж сураглавал ахиад холбоно биз гэж бодсон. Ер нь бол Дэнзэн гэдэг хүнтэй яаж энэ бүхнийг холбох вэ гэж бүх талаас нь судалсан байдаг юм билээ. Жишээ нь, Уянга гэдэг нэр гарангуут эхнэр нь болгоод л, "Говь повер" гэдэг компани гэнгүүт Г.Дэнзэн Дорноговийнх гэж холбоод л.  Ийм л байсан ш дээ. 

-Чам руу ингэж дайрах ямар хэрэгтэй юм бэ. Үнэхээр л тендер аваагүй юм бол тийм системтэй дайралт ирсэн нь юутай холбоотой вэ?

-Ерөөсөө л Н.Алтанхуяг гэдэг хүнийг муухай харагдуулах гэсэн зохиомол хэрэг ш дээ. Хятадын эртний арга байдаг гэж би сонссон. Юу гэхээр хааныг унагаахын тулд ойр тойрных нь хүнийг оролдож, сэтгэл зүйн дарамт учруулдаг арга. Тэр бүлэглэлүүд санасандаа хүрсэн байх. Эхлээд Г.Дэнзэн, тэгээд Л.Гансүх зөвлөх гээд Н.Алтанхуяг даргыг тойрсон хүмүүс рүү дайралтууд явсан. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахын тулд, "Шинэчлэл"-ийн Засгийн газрыг унагахын тулд зохион байгуулалттайгаар нэр хүндийг нь унагах гэж дайрсан. Жишээ нь, тэр үед "Г.Дэнзэн муу хүн" гэж нэг ч удаа дайраагүй ш дээ. Дандаа л "Ерөнхий сайдын хүргэн Дэнзэн бол муу хүн" гэж дайрсан байдаг юм. Эхлээд хэвлэлээр гутаан доромжилж, энэ үнэхээр муу хүн юм байна гэсэн ойлголт ард түмэнд төрүүлж байгаад л огцруулдаг юм байна лээ. Тэгээд тасралтгүй хэвлэлээр дайрсан ш дээ, над руу. Бас тэр үед нь Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл давхацчихсан. Тэгж л би том улс төрийн золиос болсон хүн.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл  "Г.Дэнзэн ажлаа өгөх ёстой" гэж хэлсэн байх аа?

-Тэгсэн. Тухайн үед ярилцаж байгаад л би ажлаа өгсөн. Сонгуулийн улс төр ч орчихлоо, би АН-ын нэр хүндийг унагаад байгаа ч юм шиг болчихлоо гээд ажлаа өгсөн. Үнэндээ хийгээгүй хэргийнхээ төлөө хариуцлага хүлээж байгаа болохоор тааламжгүй байсан л даа. Гэвч би 2013 оны тавдугаар сард ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Яагаад гэвэл, надад өөрийн гэсэн ёс зүй бий, бас нийгмийн уур амьсгалыг ч мэдэрсэн. Яаж ч үнэнийг хэлээд нэмэргүй байсан үе л дээ.

-Чамайг ажлаа өгөхгүй бол АН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдчих гээд байсан юм уу?

-Би тэгж боддоггүй. Бас тэгж ч бодож ажлаа өгөөгүй. Тэр үед АН-ын нэр хүнд өндөр байсан. Том том ажлууд эхэлчихсэн байсан. Орон сууцны найман хувийн хүүтэй зээл шийдэгдсэн, орон нутагт зам тавих ажил эхэлчихсэн, АН-ын нэр хүнд ч өндөр байсан. Ийм болохоор Ерөнхийлөгчийн сонгууль гэхээс илүү яаж Н.Алтанхуягийг огцруулах вэ, яаж муухай харагдуулах вэ гэж бодсон хүмүүс л улс төрийн зорилгоор энэ хэргийг зохиосон. Ийм сценариар бүх юм явсан.

-Энэ бүх хугацаанд Н.Алтанхуяг дарга хаана байсан юм бэ. Чамтай хамт байж чадсан уу. Чамайг хамгаалах гэж чухам юу хийсэн бэ?

-Тэр хүн АН-ын дарга, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд байсан. Ажил маш ихтэй. Дэнзэнтэй зууралдаад явах цаг байхгүй. Өөрөө хүссэн ч ажил нь тийм боломж олгохгүй. Дээр нь Ерөнхийлөгчийн сонгуульд намын даргын хувьд штаб удирдаж байсан болохоор ажил нь эрс нэмэгдсэн байсан үе. Дэнзэнтэй манатай л шахуу байсан. Намайг ингээч, тэгээч гэж өдөр болгон уулзаад явдаг юм байгаагүй. Ер нь бол дайрлага шиг юм гэнэт дайраад л гарчихсан юм ш дээ. Гэхдээ би Н.Алтанхуяг даргыг тухайн үед намайг хамгаалаагүй, авч үлдээгүй гэж гомддоггүй ээ. Энэ хүнд үргэлж талархаж явдаг. Дөнгөж сургууль төгссөн намайг авч ажиллуулж, амьдралын мөн чанарыг ойлгуулж, үргэлж зааж тусалж явсанд нь үнэхээр их баярладаг. Их сургуульд би онолын мэдлэгийг багш нараасаа авсан бол энэ хүнээр амьдралын мэдлэг заалгуулсан. Нэг ёсондоо амьдралын багш минь болсон хүн. Хувь хүний талаас нь гэвэл Н.Алтанхуяг дарга их энгийн даруу хүн ш дээ. Ямар ч хүнтэй инээж хөхрөөд харилцана, хүн ялгаварлахгүй,  үйлчлэгчтэй хүртэл нэрээр нь дуудаад ажлынх нь талаар асууж байх жишээтэй. Ийм л энгийн хүн. Намын гишүүд дэмжигчидтэйгээ байнга уулзаж, санаа бодлыг нь сонсч, цаашид улс орны ирээдүйн талаар ярилцаад явдаг хүн дээ.

-Буцаад Тавантолгой руу орж асуухад Н.Алтанхуяг Ерөнхий сайдаас огцорчихоод байхад л АТГ-аас чамайг шалгаад байгаа нь ямар учиртай юм бэ. Я.Батсуурь захирлыг "Говь повер"-ийн хэрэгт холбогдуулж хорьж байгаад сая батлан даалтад гаргалаа ш дээ.

-Би дээр хэлсэнчлэн энэ бол ТӨК-ийг үнэгүйдүүлж бүлэглэлийнхээ мэдэлд авах гэсэн явцуу шуналтай хүмүүсийн явуургүй арга. Муу нэртэй Дэнзэнтэй холбож байгаад бүхнийг амжуулъя гэсэн башир арга. Тэрэндээ Я.Батсуурь захирлыг хутгах гэж оролдсон гэж харж байна. Үүний баталгаа нь тухайн үед ч, одоо ч АТГ-аас намайг шалгасан зүйл нэг ч байхгүй байгаад юм. Огт хэрэг хийгээгүй хүнийг шууд гүтгээд шоронд хийх хэмжээний зориг тэднээс арай л гарахгүй байх. Үнэн миний талд учраас би зоригтой байгаа.

-Хэрэг огт үүсгээгүй юм бол яагаад АТГ-аас хэвлэлийн бага хурал хийхдээ чамайг шалгаж байгаа гэж мэдэгддэг юм бэ?

-Харин тэрийг би бас гайхаад байдаг юм. Намайг огт шалгаагүй хэрнээ шалгаж байгаа мэтээр зарладаг, хэвлэлийн бага хурал хийдэг. Хэрэг хийсэн бол би 2013 ондоо л явдаг газар руу нь явах байсан биз.

-Германаас ирснээс хойш дуудсан, шалгасан юм бий юү?

-Байхгүй ээ, угаасаа хийсэн хэрэггүй хүнийг яаж дуудаж байцааж шалгах вэ дээ. Наад мэдээллийн чинь хувьд тархи угаалт л яваад байх шиг.

-Тавантолгойн тухай дахиад нэг асуухад саяхныг хүртэл чамайг "Эрдэнэс-Тавантолгой"-н ТУЗ-ийн даргын цалингаа авч байсан гэсэн мэдээлэл, баримт гэмээр юм цахим ертөнцөд явсан. Тийм юм байгаа юу?

-Юу гэж авах вэ дээ. Ажлаас аль эрт халагдсан хүнд цалин мөнгө бодож өгөөд явах байгууллага байх уу. Бид чинь хуультай улсад амьдардаг. Ийм хүн үнэмшимгүй юмаар хүртэл гүтгэдэг. Би ТУЗ-ийн дарга хийсэн зургаан сар орчим хугацаандаа л цалин авсан. Дахиж аваагүй.

-Ярилцлагынхаа төгсгөлд таны ойрын зорилгыг асууя?

-Ойрын зорилго гэвэл үнэн учрыг илчилж, бохир улс төрийн золиос болсноо нотолмоор байна. Холбогдох байгууллагуудад нь хандана. Иймэрхүү асуудлыг зүгээр өнгөрөөвөл, хойшид муу хүмүүст илүү боломж өгдөг гэдгийг маш сайн ойлгосон. Би буруугүй гэдгээ баримтаар ч удахгүй нотлох болно. Мөн залуу хүний хувьд өөрийгөө хөгжүүлэх талаар том зорилго тавиад байгаа. "Тони Блэйр" санд ажилласан жил гаруй хугацаандаа нэг зүйлийг хатуу ойлгосон. Хүн төрөлхтний хөгжилд шинэ хувьсал явагдаж байна. Хүнд үйлдвэрлэл, байгалийн баялаг бус өндөр технологи, шинжлэх ухаанд суурилсан шинэ эдийн засгийн загварчлал боловсрогдож байна. Үүнд зориулж эх орондоо хэрэгтэй, хэрэгцээтэй хүн болохын тулд тасралтгүй өөрийгөө хөгжүүлэхээр хичээж суралцаж байна даа. Ер нь бидний үе буюу шинэ үеийнхэн өөр амбийцтай байгаасай гэж хүсч байгаа. Дотоод улс төр тойрсон бохир арга барилд автан нэг нэгнээ барьж хэмлээд эхэлбэл цаашдаа өнөөгийн энэ байдал ахин хэчнээн жил үргэлжилж, үр хүүхдэдээ ийм л нийгмээ өвлүүлсээр байх уу гээд олон зүйлийг эргэцүүлж бодох ёстой цаг үе юм. Гучтай залуус компьютерийнхээ ард гайхамшиг бүтээж дэлхийн хэмжээний баялаг бүтээж байхад, бид нэгнээ улс төрийн зорилготой бохир шүлсээр будаж суух нь зөв үү гэхчлэн эмзэглэмээр зүйл олон байна.

Ч.ГАНГЭРЭЛ

Эх сурвалж "Үндэсний шуудан" сонин

 

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment