2015/05/27

“Маш чухал” гэх тодотголтой хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өмнөх Засгийн газрын үед өргөн баригдаад байсан ч  Засгийн газар эргүүлэн татаад  байсан хуулийн төслийг ийнхүү хэлэлцэж эхэлж байгаа юм. Гишүүдийн зүгээс УИХ-ын чуулганы хугацаанд хийх хамгийн чухал, хариуцлагатай хуулийн төсөл гэж тодотгож байлаа. Хууль санаачлагчдын зүгээс  хуулийн  төслийг  хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүний халдашгүй байх эрхийг хангах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах, шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зэрэг зарчмуудыг бүрэн хэрэгжүүлэх үндэслэл, нөхцөл, журмыг тогтоож боловсруулсан гэж үзэж байгаа.

 Хуулийн төслийг хэлэлцэх явцад эрүүдэн шүүх, залхаан цээрлүүлэх замаар хэрэг хүлээлгэх, сэжигтнээр тооцон хүний эрхийг зөрчих, сэтгэл санаа нэр хүндэд нь хохирол учруулах, улстөрийн зорилгоор хэрэгтэн болгох асуудал газар авсан талаар гишүүд асуулт асууж, санал хэлж байлаа.

Одоогийн оруулж ирсэн хуулийн төслөөр аливаа хэргийн мөрдөн байцаалтын үйл ажиллагааны ихэнх хэсгийг  мөрдөн байцаагч бие дааж явуулдаг байсныг өөрчилж  шүүгч, прокурорын  хяналт дор мөрдөн байцаалтын үйл ажиллагааг голлон явуулахаар  тусгажээ. Тодруулбал, одоогийн мөрдөж  буй  хуулиар  65 хувийг мөрдөн байцаагч явуулдаг байсан бол шинэчилсэн төслөөр 32 хувь нь мөрдөн байцаагч, 18 хувь нь прокурор, 50 хувь нь шүүхийн хяналт дор явагдахаар зохицуулсан байна. Мөн зөрчлийн асуудал прокурорын хяналтад очих юм байна. Энэ үеэр гишүүд хууль санаачлагдаас асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Л.Болд: Хүний эрх талаас нь авч үзвэл гэрч, хохирогчийг хамгаалах  хуулийн төсөлтэй яаж уялдаж байгаа вэ. Хохирогчийн нууцлалыг хангах ямар зохицуулалт тусгагдсан бэ. Эмэгтэй байцаагч, орчны талаар зохицуулалт бий юу?

Д.Дорлигжав: Хойшлуулшгүй ажиллагаа явуулахад гэрч, хохирогчийн асуудал яригдах боломжгүй байдаг. Гэхдээ гэрч, хохирогчийг хамгаалах бүхэл бүтэн хууль бий. Орчныг бүрдүүлсэн, нарийн  зохицуулалт хуулийн төсөлд орсон.

УИХ-ын гишүүн Г.Оюунбаатар:  Өмгөөлөгчтэй байцаах асуудал энэ хуульд туссан уу.  Г.Дэнзэнг өмгөөлөгчгүй хэдэн цаг хорьсон. Өмгөөлөгчийн хүсэлтэд хариу өгдөггүй, дарчихдаг, үл тоомсорлодог. Үүнийг хааж өгсөн заалт орсон уу. Прокурор дээр хэрэг хэрэгсэхгүй болдог, дарагддаг асуудлыг зохицуулсан уу?

-Д.Дорлигжав: Хүний эрхийн олон конвенцид нэгдсэнтэй холбоотойгоор хуульдаа шинэчлэл хийсэн. Хүний эрхийг хангах асуудал орхигдоогүй. Хууль зүйн, өмгөөллийн туслалцаа авах боломжийг өндөр  түвшинд  тусгасан. Өмгөөлөгчийн хүсэлтийг  үл тоох байдал энэ хуулиар хаагдана. Аль аль нь нотлох баримтаа адилаар үнэлүүлж, шүүх хуралд нотлох баримт оруулах боломжтой болсон. 

Эрдэнэбат прокурор: Прокурор хэргийг дардаг асуудлаар сэжиг гарах байдлыг зохицуулсан гэж үзэж байгаа. Хүний эрхийг хязгаарласан үйл ажиллагааг явуулахдаа шүүхийн захирамжаар шийдвэрлүүлэхээр болсон. Тэгэхээр асуудлыг дарагдуулах боломжгүй. Зарим төрлийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах зөвшөөрлийг прокурор өгч байгаа. Энэ төрлийн гомдлыг шүүх, дээд шатны байгууллагад хандах эрхтэйгээр тусгасан.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:  Хүний эрхтэй  холбоотой маш чухал хууль. ХЭҮК-оос гаргасан тайланд тусгагдсан гомдлууд дандаа энэ хуулийн хүрээнд байна. Хуулийн төсөлд өмгөөлөгчийн эрхэд халдсан, мөрдөн байцаагчийн зөвшөөрлөөр асуулт  тавина гэдэг  заалт орсон  байна.  Хүчин төгөлдөр болох хугацааг батлагдсан өдрөөс гэснийг эргэж хараарай. Олон хүний хувь заяатай холбоотой асуудал.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: Гэрч, хохирогчийг хамт хамгаалах асуудлыг оруулах боломжтой юу. Цагдан хорих талаарх мэдээлэл хохирогчид ирдэггүй.  АТГ-ын мөрдөн шалгах хэргийн жагсаалт арай их байна. АТГ-ын үйл ажиллагааг Засгийн газарт байлгаж болох уу?

-Д.Дорлигжав: Төслийн 7.4-т аюулгүй байдлаа хамгаалуулах талаар заасан. Гэрч, хохирогчийг хамтад нь оруулах  боломжтой. АТГ-ын хэргийн харьяаллыг өөрчилж болно. Хуульд одоогийнхоор хийсэн байгаа. Мөрдөн шалгах үйл ажиллагааны үр дүнг Гүйцэтгэх засаглалаас шаарддаг байхыг зөвшөөрдөг.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:  12-18 сар хорьж болно гэж байна. Цагдаагийнхан ур чадвараа дээшлүүлээд хэргийг  хурдан хугацаанд шалгаач?

Д.Дорлигжав:  Хорих хугацаа 24 сар байсныг 18 сар болгож бууруулсан. Илрүүлэх нь далдыг хардаг хүн шиг илрүүлэх боломж байхгүй. 1992 оны хуулиас өмнө бол сэжигтнийг өмгөөлөгчгүй шууд хорьж байцаадаг байсан.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:  Хуулийн төсөл 144 хуудастай юм билээ. Би 68-р хуудсан дээр явж байна. Шинэчлэл үнэртэж байна. Гэхдээ бүрэн биш. Олон улсын конвенцио мартчихсан уу. Маш олон хүсэлт гэсэн өгүүлбэр байна. Үүнийгээ яаж шийдвэрлэх талаар зарим газар нь алга. Энэ ямар учиртай юм бэ. Эрүүдэн шүүхийн эсрэг 3 конвенци бий. Үүнийгээ тусдаа бүлэг болгоож оруулж болох уу?

-Д.Дорлигжав: Бие хүн гэж томьёолсон нь хуульчдын дунд ойлгомжтой нэр томьёо. Тухайн зөрчлийн байдлаас хамаараад шийдэх асуудлыг өөр өөрөөр тусгасан байгаа. Эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын конвенцийн заалт орсон. Энэ бүхнийг хуульд  тусад нь тусгах нь боломжгүй. Тусаагүй зүйл байхгүй. 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Хуулийн салбарын шинэтгэлийн амин сүнс болсон хуулийн төсөл юм.  Энэ асуудлыг сүүлийн зургаан жил ярьж байгаа. Өнөөдрийн ардчилсан нийгэмд хүний эрхийг зөрчихгүй байх нь үндсэн зарчим. Харамсалтай нь техникийн шинжтэй засвараас болж энэ зарчим унаж байна.

Д.Дорлигжав: Хүний эрхийг хангах, одоогийн байгаа үйл ажиллагаандаа дүгнэлт хийх гэдэгтэй санал нэг байна. Атгаг санаалаад төрийн хуулийг ард түмний эрх ашгийн эсрэг ажилласан зүйл байхгүй. Процессийн ажиллагааг гурав хуваасан байсныг нэг болгож оруулж ирсэн. Хэрэглэхэд хялбар, ойлгомжтой байхаар оруулж ирсэн. Та бид хоёрын хувьд биш мэргэжилтнүүдийн хувьд авч үзэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Эрүүгийн байцаан шийтгэх хууль маань нэр томьёо нь өөрчлөгдөж орж ирж байна. Сэжигтэн гэдэг ойлголт байхгүй болж нэг өдөр яллагдагч болно гэдэг  нь аймшигтай  нэр томьёо санагдаж байна. Хэн хэзээ яллагдагч болохоо мэдэхгүй явна гэсэн үг. 2008-2014 онд 184 хүнийг эрхийг зөрчиж 2.4 тэрбум төгрөгийн Засгийн газар төлөх шаардлагатай гэж ХЭҮК-ийн  тайланд туссан  байна. Энэ хохирлыг бий болгож байгаа албан   тушаалтнуудад ямар хариуцлага хүлээлгэх вэ?

Д.Дорлигжав: Заавал нууцаар шалгана гэсэн зүйл байхгүй. Ил тод шалгана. Сэжигтэн гээд хүний эрхэд халдаад байгааг л өөрчлөх зорилготой. Танд үүнээс өөрөөр тайлбарлаж чадахгүй  нь. Хохирлыг төлүүлэх талаар 44-р зүйлд тусгасан.  Хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх заалт одоо ч байгаа.

УИХ-ын гишүүн М.Батчимэг: УИХ-ын хугацаанд хэлэлцэгдэх маш чухал хууль. Төр гэмт хэрэгтэй тэмцэх, иргэнийнээ алдагдсан эрхийг сэргээх нь хамгийн чухал. Гэхдээ төр энэ  үүргээ яаж хэрэгжүүлж байна вэ гэдэг чухал. Зөвшөөрөлгүй явуулдаг мөрдөн  шалгах ажиллагааны төрөл  гэдэгт юуг хамааруулж ойлгох вэ?

-Д.Дорлигжав: Шүүх, прокуророос зөвшөөрөл авах шаардлагагүйгээр  мөрдөн байцаагч бие даагаад шалгах ажиллагаануудыг хамааруулж ойлгож байгаа. Гүйцэтгэх ажлын тухайд манай дээр ажлын хэсэг гарсан. Тагнуулын байгууллагаас бас хуулийн төсөл ирсэн. Үндсэндээ гэмт хэрэг илрүүлэхэд чиглэсэн, аюулаас хамгаалах, мэдээлэл цуглуулах, тагнуул хийх гэсэн хоёр чиглэл бий. Үүн дээр нэлээд маргаан гарах магадлалтай байна. Тиймээс нэлээд судална.

Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авч дууссанаар чуулганы хуралдаан түр завсарлалаа.

С.ОТГОН

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment