2015/05/27

Р.Жигжид: Нүүрс хөтөлбөр боловсруулна

Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог "Сайдын цаг" уулзалтад Уул уурхайн сайд Р.Жигжид оролцлоо. Тэрээр  уул уурхайн салбарт хэрэгжиж байгаа эрхзүйн шинэчлэлт, бодлогын хэрэгжилт цаашдын зорилтын талаар мэдээлэл өгсөн юм.

Нүүрсний салбарын зах зээл уналттай байгаа тул Уул уурхайн сайдаар ахлуулсан ажлын хэсэг 14 хоног тутамд хуралдаж, голлох үйлдвэрлэгч, экспортлогчидод тулгамдаж буй асуудлыг судлан, гарц шийдлийг олох ажил зохион байгуулж байгаа аж. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд гурван удаа хуралдаж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангиллын дагуу тооцон авах. Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний гаалийн коджилтийн ажлыг Гаалийн ерөнхий газартай хамтран хийсэн. Одоо Нүүрс хөтөлбөр боловсруулах, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг гэрээний үнээр тооцож авах Засгийн газрын тогтоолыг  Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлэх, нүүрсний зах зээл, экспортод учирч байгаа хүндрэлийг судлах, шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна гэдгийг мэдээллийнхээ үеэр онцоллоо.

Монгол Улс 1990 оноос хойш газрын тосны хайгуулын талбайг ялгах эрлийн ажлыг хийсэн байна. Үүний үр дүнд нийт 31 талбайг ялгаж, одоогоор 2 талбайд олборлолт хийх болсон. Жилд нэг сая тонн орчим газрын тос олборлож, БНХАУ руу экспортолдог. 2014 оноос өмнө эрлийн тав, 2014 оноос хойш эрлийн 11 талбайд гэрээ хийсэн. Уламжлалт газрын тосны судалгааны чиглэлээр 2013 оныг дуустал 9.7 сая ам.доллар зарцуулж хэд хэдэн ажил хийсэн. 2014 онд  2 сая ам.долларыг эрэл хайгуулд зориулсан байна.

Бензин түлшинд Онцгой албан татвар тогтоох асуудлыг шийджээ. Ингэснээр улсын төсөвт 222 тэрбум төгрөг хуримтлагдах тооцоо гарсан байна.

Мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өглөө.

-Ураны асуудлаар ямар бодлого барьж байгаа вэ?

-Уул уурхайн яам цацраг идэвхит ашигт малтмалын эрэл хайгуулыг үргэлжлүүлэх, ашиглах нь зүйтэй гэдэг байр суурийг баримталж байгаа. Ашиглана гэдгийг зөв ойлгох хэрэгтэй. Эрэл хайгуул хийгээд нөөцийг нь тогтоогоод олборлон шар нунтаг гаргаж авах хүртэл процессийг бид дэмжиж байгаа. Дараагийн процесс нь атомын цахилгаан станцын түлш болох юм. Манайх үүнийг хийхгүй. Зөвхөн шар нунтаг буюу түүхий эдийг нь боловсруулах ёстой. Уул уурхайн яам энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжиж ажиллаж байгаа. Дорноговь аймгийн нутагт  18 жил үйл ажиллагаа явуулсан Францын "Арева" компани Японы "Мицубиши" групптэй хамтраад эрэл хайгуулж хийж, том нөөцийг тогтоосон байгаа.

Сарын өмнө би очиж танилцсан. Орон нутгийн удирдлага, иргэдтэй уулзсан. Орон нутгийнхан энэ төслийг цааш үргэлжлүүлэх байр суурьтай байна лээ.

-Нефтийн үйлдвэр барих асуудал юу болж байгаа вэ. Өмнөх парламентын үед Дархан-Уул аймагт газрын тосны үйлдвэр барих шийдвэр гарсан ч сүүлдээ бүр сураг тасарлаа?

-Нефть боловсруулах үйлдвэр нь Аж үйлдвэрийн яаманд харьяалагдах болсон. Өнгөрсөн хугацаанд Японы хамтын ажиллагааны хүрээнд жилд хоёр сая тонн түүхий тос боловсруулах үйлдвэр байгуулах чиглэлээр судалгаа хийгдсэн байдаг.  Зураг төсөл нь хүртэл бэлэн болсон. Гэхдээ хоёр шалтгааны улмаас зогссон.

Нэгдүгээрт, төсөвт өртөг нь бидний төсөөлж байсан өртгөөс маш их хэмжээгээр нэмэгдсэн. Хоёрдугаарт, Монгол Улсад олборлож байгаа түүхий тосон дээр түшиглэж, нефтийн үйлдвэр барих хэрэгтэй гэсэн байр сууринд хүрсэн. ҮАБЗ-өөс Монголд олборлож байгаа түүний тосоо шууд ашигла гэсэн нөхцөл тавьсан. Гэтэл "Дархан-Уул аймаг, Дорнодын Тамсаг хоёрын хооронд шууд шугамаар холбоход 1000 км зайтай. Үүнийг яаж холбох вэ гэдэг асуудал эдийн засгийн хувьд үр ашиг муутай. Энэ бүх тооцоолыг хийгээд төсөл зогсонги байдалд орсон. Аж үйлдвэрийн яамнаас зүүн, өмнөд, баруун бүсэд газрын тосны үйлдвэр барих судалгаа хийсэн. Эхлээд өмнө бүсдээ газрын тосны үйлдвэр байгуулах чиглэлээр  эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил хийгдэж байна. Сэдвийн хувьд залгамж холбоо  уламжлалыг  хадгалж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх. 

-"Мон-93" бензинийг яагаад нийлүүлэхээ больсон бэ. Үнэ өртөг өндөр байв уу?

-"Мон-93" бензин орж ирэхгүй болсон шалтгаан нь зах зээлийн үнэтэй холбоотой. ОХУ-тай бид тогтвортой, удаан хугацааны туршид маш сайн үнийн хэлэлцээр хийж чадсан.  Энэ нь Мон-93 бензинээс хямд үнэтэй авах хэлэлцээ байсан гэж ойлгож байна. Тийм учраас ОХУ-аас хямд бензин аваад хэрэгцээгээ хангаж байгаа. Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэдэг нь нийт олборлож байгаа газрын тосныхоо хэмжээтэй уялдаад хувь харьцаа нь өөрчлөгдөж байдаг. Өөрөөр хэлбэл, манай газрын тосны олборлолтын хэмжээ их болох тусам, хувь нэмэгдэж, бага байвал багасна. Энэ нь нөгөө тал бүх хөрөнгө оруулалтаа хийж, эрсдлийг нь даадаг. Харин манай тал зөвхөн зөвшөөрөл өгдөг. Энэ зарчим дээр тулгуурласан гэрээ. Өнөөдрийн байдлаар манай авах хувь 24 хувь. Өнөөдрийн байдлаар гэрээ хэлэлцээр ямар хэмжээнд яригдаж байгааг мэдэхгүй байна.

Г.ДАРЬ

 

 

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment