2015/05/27

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах талаар хэлэлцэв

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас өнөөдөр /2015.05.27/ Төрийн ордонд зохион байгуулсан "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийн нээлттэй хэлэлцүүлгийг тус яамны дэд сайд Б.Мөнхбаатар удирдан явуулсан бөгөөд хуулийн төслийн үзэл баримтлалын талаар УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулав.

Нээлттэй хэлэлцүүлэгт  УИХ-ын гишүүн С.Оюун, Ц.Оюунгэрэл, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хэлтэс, албадын удирдлага, мэргэжилтнүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцож санал бодлоо солилцлоо.

Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийнхээ эрхийг хангаж, хамгаалах зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг нэмэлт протоколын хамт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хурлаар баталсан. 2009 оны 5 дугаар сарын 3-ны өдөр НҮБ албан ёсоор Монгол Улсыг бүртгэснээр энэ конвенци Монгол Улсад хуулийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилж байна. Гэвч хуулийн заалтуудаас зарим нь хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй, зөвхөн тунхагийн шинжтэй байдаг бол эрхийн талаар зохицуулсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хариуцлагын механизм сул, хууль хэрэгжүүлэх эрмэлзэл төрийн зүгээс шаардлагын түвшинд хүрдэггүй учир энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах шаардлагатай болсныг оролцогчид онцолж байсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр  УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хэлэхдээ, "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгт УИХ-ын эмэгтэй гишүүд идэвхтэй оролцож байна. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчин, сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалуулах болон хөдөлмөрлөх орчин нь жирийн иргэдтэй харьцуулбал тэгш байж чадахгүй байна. Ялангуяа хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй төрсөн тохиолдолд тэдгээрийн сурч боловсрох, нийгэмших эрхийг хэрхэн хангах зэрэг маш олон асуудалтай тулгардаг. Энэ асуудал ээжүүдийн нуруун дээр үеийн үед байсаар ирсэн. Иймд бидний тавьж буй гол зорилт бол одоогийн нийгэм нь илүү энэрэнгүй, хүмүүнлэг болох ёстой гэдэг үүднээс эцэг, эхчүүд хэрэв хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй бол хүүхдийнхээ сурах, боловсрох эрхийг нь хэрхэн хангуулах вэ гэдэг эрхийн баталгааг нь өгөхөд оршиж байгаа юм. Энэ хуулийн төслийг УИХ-д өргөн барихаас нь өмнө эмэгтэй гишүүд саналаа нэмж тусгах, хамтран ажиллах зэргээр анхнаас нь оролцож байна" гэлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment