2015/05/27

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулна

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ энэ сарын 14-нд баталсан. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага юу байсан хийгээд чухам ямар заалтууд нэмэгдсэн талаар  Хөдөлмөрийн сайд С.Чинзориг өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Хэвлэлийн бага хуралд мөн МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар оролцсон юм.   

 

Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага нь юу байв?

Хөдөлмөрийн сайдын хэлснээр 2015 оны эхний дөрвөн сарын байдлаар үйлдвэрлэлийн ослын 81 тохиолдол бүртгэгдэж, 84 хүн осолд өртөж, найман хүн ослын улмаас амь насаа алджээ. Уул уурхайн салбарт гарсан 13 осол улсын хэмжээний ослын 16 хувийг эзэлж буй юм.

2011-2013 онд жил бүр 400 орчим үйлдвэрлэлийн осол бүртгэгдэж байсан бол 2014 онд 73-аар цөөрч, 18 хувиар буурсан. Гэвч ослын улмаас нас барсан хүний тоо өмнөх оныхоос таваар өсч, хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан хүний тоо 119-өөр нэмэгдсэн байна. 2014 онд барилгын салбарт гарсан үйлдвэрлэлийн осол өмнөх оноосоо 17-оор буюу 43,5 хувиар өсч, нас барсан хүний тоо зургаагаар нэмэгдсэн нь анхаарах асуудал. 

2014 онд мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нийт 4505 хүн Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн хяналтанд байгаагийн 75.7 хувь нь эрэгтэй,  24.3 хувь нь эмэгтэй байна.

2014 онд бүртгэгдсэн нийт 333 үйлдвэрлэлийн ослын шалтгааныг авч үзвэл, 63 буюу  18.9 хувь нь уналт, нуралтаас, 56 буюу  16.8 хувь нь тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлээс, 49 буюу  14.7 хувь нь аюулгүй ажиллах арга, барилд хангалтгүй суралцсанаас, 37 буюу  11.1 хувь нь тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтлээс, 14 буюу  4.2 хувь нь технологийн процесс зөрчсөнөөс, 10 буюу  3,0 хувь нь өргөх механизмын эвдрэл, гэмтлээс, 6 буюу  1.8 хувь нь ажлын хувцас, хамгаалах хэрэгслийг хангалтгүй хэрэглэснээс, 98 буюу  29.4 хувь нь бусад шалтгаанаар үйлдвэрлэлийн осолд өртсөн байна.

Эдгээр тоо баримт хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах тал дээр эрх зүйн орчныг улам сайжруулах зайлшгүй шаардлага байгаагийн нэг үндэслэл болжээ. Мөн хуулийг хэрэгжүүлэх явцад хуулийн зарим зүйл заалтыг тодорхой болгох, салбарын яамд, орон нутгийн удирдлагын оролцоог нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны чиг үүрэг болон  ажил олгогч, албан тушаалтан, ажилтны үүрэг хариуцлагыг өндөржүүлэх. Жижиг, дунд үйлдвэрлэл, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг осол эндэгдлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эрх зүйн зохицуулалтыг бий болгох, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох зэрэг шаардлага тавигдаж ирсэн зэргийг үндэслэн хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьж батлуулсан байна.

 

Нэмэлт өөрчлөлтөөр ямар асуудлыг шийдэв?

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд нь дээрх шаардлагыг тодорхой хэмжээнд хангаж чадсан төдийгүй дараах үндсэн өөрчлөлтүүд багтжээ. Үүнд:

-ХАБЭА-н тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад салбарын яамд, бүх шатны өөрийн удирдлагын байгууллага, Засаг дарга нарын үүрэг оролцоог нэмэгдүүлэхээр өөрчлөлт орсон байна. Тухайлбал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороодыг яамдын дэргэд орон тооны бусаар ажиллуулах болон одоогийн ажиллаж байгаа Үндэсний болон салбар хороо, аймаг, дүүргийн зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг зохих шатны төсөвт тусгахаар хуульд тусгажээ. 

-Аж ахуйн нэгж, байгууллагад ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан, зөвлөлийг орон тооны болон орон тооны бусаар ажиллуулах, тэдний хариуцах чиг үүргийг тодорхой болгосон.

-Ерөнхий захиалагч, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг тусгайлсан гэрээгээр зохицуулахаар оруулж, гэрээ байгуулаагүй нөхцөлд ерөнхий гүйцэтгэгч хариуцахаар тусгасан.

-Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчны ХАБЭА-н сургалтыг бүх шатны Засаг дарга хариуцахаар бүрэн эрхэнд нь оруулсан.

-Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлын хувь хэмжээг нэмэгдүүлж, төсвийн байгууллага тухайн жилийн батлагдсан төсвийн 0,5 хувиас, эрсдлийн түвшингээс нь хамааруулан аж ахуйн нэгж, байгууллага үйлдвэрлэл, үйлчилгээнй зардлын 1,5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг ХАБЭА-н арга хэмжээнд зарцуулна. Ингэснээр зардлын хувь 0,2-0,5 аар нэмэгдсэн болно.

-ХАБЭА-н арга хэмжээнд зарцуулах зардлын чиглэлийн нэмэлтээр хуульд тодорхой тусгасан. Сургалт, сурталчилгаа, эрүүл мэндийн үзлэг, ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгсэл, ажлын байр, үйлдвэрлэлийн орчны аюулгүй, эрсдэлгүй байдлыг хангах, ажилтныг сувилах, хөдөлмөрийн чадвар алдалтыг нөхөн сэргээх, ХАБЭА-н бүтэц, ажилтан, зөвлөлийн чиг үүрэгт хамаарах үйл ажиллагаа, урьдчилан сэргийлэх бусад арга хэмжээнд зарцуулахаар зааж өгсөн.

-Эрсдэлийн түвшин их ажлын байранд ажиллаж байгаа ажилтны амь нас, эрүүл мэндийг ажил олгогч 36 ба түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр арилжааны даатгалд даатгуулахаар хуульд нэмэлт орсон.

-Үйлдвэрлэлийн орчинд гарсан ослын улмаас иргэнд учирсан хохирлыг холбогдох хуулийн дагуу ажил олгогч хариуцахаар хуульд заалт нэмж оруулсан.

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг боловсруулах, батлуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг тухайн салбарын төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохион байгуулж, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн стандартын асуудал эрхэлсэн байгууллага хуулийн дагуу баталж байхаар хуульд өөрчлөлт орсон.

-Мэргэжлээс шалтгаалсан өвчнийг бүртгэх, мэдээлэх журмыг эрүүл мэндийн болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар хуульд нэмж оруулсан нь энэ талын бүртгэл мэдээллийг сайжруулахад чиглэгдсэн байна.

-Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг стандартын асуудал эрхэлсэн байгууллагын итгэмжлэл бүхий мэргэжлийн байгууллага  хийхээр болсон.

-ХАБЭА-н хууль тогтоомжийн шаардлага, стандарт, дүрэм, журмыг зөрчсөн албан тушаалтан, ажилтанд хариуцлага хүлээлгэх саналаа ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан ажил олгогчид гаргаж байхаар хуульд тусгажээ.

            -Хууль зөрчигчдөд хүлээлгэх торгуулийн хариуцлагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан нэмэгдүүлэх  зохицуулалтыг тусгасан байна.

 

Хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөс ямар үр дүн гарах вэ?

Хууль хэрэгжиж эхэлснээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  бүтэц, ажилтан, зөвлөл бий болж, тэдгээрийн гүйцэтгэх чиг үүрэг,  ажиллах нөхцөл боломж бүрдэж, салбарын болон орон нутгийн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх бодлого, чиглэл, ажлын уялдаа холбоо сайжирна гэж үзэж буй юм. Мөн аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх арга хэмжээний хөрөнгө, санхүүгийн асуудал шийдвэрлэгдэх нөхцөл бүрдэж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний стандартыг шинэчлэх, шинээр боловсруулах асуудлыг хариуцах байгууллагын чиг үүрэг тодорхой болж, хэрэгжилт, үр дүн сайжирна. Түүнээс гадна Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг зориулалтаар зарцуулах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хохирсон, хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсан иргэнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчин сайжирна.

Эдгээр үр дүнд хүрэхийн тулд хуулийн хэрэгжилтэд онцгой анхаарал тавих ёстой бөгөөд үүний тулд ХАБЭА-н тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хэдэ хэдэн журам, жагсаалтыг шинээр болон шинэчлэн гаргах юм байна. Тухайлбал,  

  • Эрсдэлийн түвшин их ажлын байрны жагсаалтыг боловсруулж, Засгийн газрын тогтоолоор батлуулна.
  •  Мэргэжлээс шалтгаалсан өвчнийг бүртгэх, мэдээлэх журмыг эрүүл мэндийн болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална. 
  • Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүнг ХАБЭА-н үндэсний хороо хариуцан гараж, жил бүр Засгийн газарт мэдээлнэ.
  • Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтцийн жишиг, ажилтны орон тооны норматив, зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журмыг шинэчлэн боловсруулж, Хөдөлмөрийн сайдын тушаалаар батлуулна.
  • Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журмыг шинэчлэн боловсруулж, Хөдөлмөрийн сайдын тушаалаар батлуулна.

Г.НАРАН

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment