2015/10/10

УИХ-ын дарга Мод тарих өдөрт оролцлоо

Бүх нийтээр "Үндэсний мод тарих өдөр" өнөөдөр тохиож байна. Төр, олон нийтийн байгууллага, иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан эл өдрийн хүрээнд мод тарьж, арчлах хөдөлгөөнийг орон даяар явуулж байна. УИХ-ын З.Энхболд ч мөн эл өдөрт нэгдэж,  "Үндэсний мод тарих өдөр"-т зориулан үг хэллээ.


УИХ-ын даргын хэлсэн үгийг хүргэж байна.

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн намрын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд анх зарлиг гаргаж нийт ард иргэд, айл өрх, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг мод, бут, сөөг тарих, түүнийгээ арчлан хамгаалах, амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн ажиллах талаар уриалга гаргаснаар энэ жил 12 дахь арга хэмжээ тохиож байна. Улсын Их Хурлын гишүүдээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Шинэ төгөл" байгуулах ажлыг санаачлан эхлүүлсэн. Цаашид энэ төгөлийг өргөжүүлэн хөгжүүлэх, тарьсан модыг ургуулан арчилж, хамгаалахад анхаарах нь зүйтэй юм. "Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн энэ жилийн арга хэмжээг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас "Нэг сая мод ургуулах хөдөлгөөн" болгон улс орон даяар өрнүүлж, 4 зорилт тавин ажилласан. Иргэд хашаандаа, байгууллага орчин тойрондоо, сум, хороо бичил цэцэрлэг байгуулах, нэрэмжит ойтой болох чиглэлээр ажиллаж, нийт улсын хэмжээнд 1.5 сая орчим мод тариад байна.

Өнөөдөр хот суурин газрын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ дэлхийн дундаж 12м2 байхад та бидний оршин сууж байгаа нийслэл Улаанбаатар хотод энэ хэмжээ 2.6м2 буюу дэлхийн дунджаас 4.6 дахин бага байна.

Ард иргэдийн ая таатай амьдрах нөхцлийг хангахын тулд хот, суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд энэ ажилд та бидний идэвх санаачилга, оролцоо хамгийн чухал юм. Мөн мод тарих чиглэлийн олон Төрийн бус байгууллага байдаг.

Улсын Их Хурал Ойн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж ойд гарч байгаа зөрчлийг илрүүлсэн, мэдээлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтныг урамшуулах зохицуулалтыг хийсэн. Ингэснээр хууль бусаар мод бэлтгэх, ашиглах асуудлыг тодорхой хэмжээгээр таслан зогсоох, урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэж байна.

Мөн "Төрөөс ойн талаар баримтлах бодлого"-ыг хаврын чуулганаар баталж ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар урт хугацааны бодлогын баримт бичигтэй болсныг онцлон тэмдэглэж байна. Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр Монгол орныхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ойжуулах, байгаль дэлхийг ногоонжуулах ариун үйлсэд хувь нэмэр оруулахаар энд цугласан, мөн орон даяар энэ хөдөлгөөнд нэгдэн ажиллаж байгаа нийт ард иргэд, байгууллагуудад талархал илэрхийлье.

Тарьсан мод болгон ургаж, ургасан мод бүхэн бидний амьдралыг ивээн тэтгэж байх болтугай.

Эх сурвалж: www.open.parliament.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment