2015/10/09

Төрийн алба солионы бараа юу?

Өнгөрөгч даваа гаригийн Засгийн газрын хуралдаанаар Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэнг Хөдөлмөрийн яамны, Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.Магнайсүрэнг Барилга, хот байгуулалтын яаманд тодорхой шалтгаангүйгээр "сэлгэн" ажиллуулахаар шийдвэрлэсэн юм. Сонсоход, байдаг л нэгэн томилгоог Засгийн газрын хуралдаанаар хийсэн мэт.   

Гэвч, Төрийн нарийн бичгийн дарга гэдэг бол төрийн жинхэнэ албан хаагчийн хамгийн том албан тушаал. Дуртай нэгнийг нь томилж, дуртай цагтаа сольж холиод байдаг албан тушаал биш байх.

Харамсалтай нь,  Төрийн нарийн бичгийн  даргаар  зөвхөн улстөрчид, тэдний гар хөлүүд томилогддог тогтолцоо Монголын төрд бий болоод удаж байгаа юм. Ийм томилгоог Монгол ардын намын үед ч хийж байсан. АН-ын үед ч уламжлал болгон авч явж байна.

Өөрөөр хэлбэл, эрх барьж байгаа аль нэг намын эсвэл бүлэг, фракцийн гишүүн байвал мэргэжил, мэргэшил, мэдлэг чадвар хамаарахгүйгээр аль нэг яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдох нь Монголын төрд хэвийн үзэгдэл болсон. Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар уг нь мэргэжлийн болон мэргэшсэн хүмүүс байх ёстой. Төрийн жинхэнэ албан хаагчийн хамгийн том албан тушаал, нөгөө талдаа Төрийн нарийн бичгийн дарга яамны аппаратын ажлыг мэргэшлийн үндсэн дээр зохион байгуулж, удирдаг учраас шүү дээ.

Р.Эрдэнэбүрэнг, эсвэл С.Магнайсүрэнг мэргэжилгүй, мэргэшээгүй гэж хэлж байгаа юм биш,  яамны аппаратыг бүхэлд нь авч явдаг жинхэнэ"гал тогоо"-ны хүмүүсийг дуртай цагтаа нааш, цааш гүйлгэх нь төрийн чадавхи, мэргэшил талаасаа хэр зохимжтой вэ гэж. Тэр тусмаа энэ алба ийм үнэлэмжгүй болчихсон баймааргүй юм. Хэрэв ийм үнэлэмжгүй юм бол төрийн албанд мэргэшиж, мэргэжил эзэмших хэрэг байна уу. Аль нэг намын гишүүнээр элсэхэд л арав төгсөөгүй байсан ч төрийн албанд ороход амархан болсон байна. 

Сайд, дэд сайдын суудал угаасаа л улс төрийн албан тушаал. Тиймээс сайдаар хэнийг томилох, дэд сайдын суудлыг хэнд бэлэглэхэв гэдгийг эрх барьж байгаа нам шийдэх эрхтэй.  Ёстой л бор халзан туулайгаа шахна уу, томилоно уу, Готов нь авна уу, Шадав нь авна уу  эрх барьж байгаа намын эрх. Тэгэхээр Барилга хот байгуулалтын сайдаар З.Баянсэлэнгийг томилчихлоо гэж бачимдах хэрэггүй.

Харин төрийн жинхэнэ алба бол өөр. Ялангуяа асуудлаа мэддэг, аппаратаа аваад явчихдаг хүнийг л Төрийн нарийн бичгийн албан тушаалд томилох ёстой. АН-ынх байна уу, МАН-ынх байна уу хамаагүй.  Хүн нь заавал мэргэшсэн, мэргэжлийнх л байх ёстой. Учир нь Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн ажил үүргийн хуваарь, чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтыг Төрийн нарийн бичгийн дарга баталдаг.  Тиймээс л Төрийн нарийн бичгийн дарга нарыг нам томилох ёсгүй гээд байгаа юм шүү дээ. Нам нь сайдаа, дэд сайдаа мэддэг л юм байгаа биз. Харин Төрийн нарийн бичгийн даргаар хэнийг хаана ажилуулахыг хуулийн дагуу Төрийн  албан зөвлөл л шийддэг болмоор байна. Тэгж байж төрийг төрлөөс нь салгаж чадах бус уу.

Өнөөдөр төрийн алба бүхэлдээ төрлийн алба болсон нь Төрийн нарийн бичгийн дарга нарыг нам томилдог, намынх нь дарга  шийддэг болсонтой холбоотой юм шүү дээ. Тэгээд л бүүр хооронд хольж, солиод бантан хутгаад байгаа юм.  Төрийн жинхэнэ албан хаагчдын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөл зарладаг.  Гэвч, Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоонуудыг харахад Төрийн албаны зөвлөл зөвхөн нам, улстөрчдийн захиалгат сонгон шалгаруулалтыг л явуулдаг болжээ гэхэд бодит байдлаас холд зөрөхгүй юм. Уг нь "Энэ албан тушаалд хэнийг томилохоо нам биш бид мэднэ" гэж томроод сууж байх ёстой байгууллага шүү дээ.  Гэтэл сонгон шалгаруулалт нэртэй тодорхой захиалгыг биелүүлээд суудаг  Төрийн албаны зөвлөлийг ч бас шинэчлэх цаг болсон мэт.

Төрийн алба улс төрөөс ангид, тогтвортой, мэргэшсэн байх ёстой гэж толгойтой болгон ярьдаг. Гэвч энэ "ёстой" аль ч намын үед биелэгдэж байсангүй. Тиймээс төрийн албыг улс төрөөс ангид байлгаж, тогтвортой, мэргэжлийн мэргэшсэн боловсон хүчнээр хангахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн албаны тухай хуулийг шинэчлэх санаачлага гаргаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэхүү хуулийг шинэчилснээр "Төрийн албанд доороос нь эхэлж, шат дараатайгаар ажиллаж байж дэвшдэг болгоно. Ингээд үзвэл төрийн албанд хамгийн багадаа 18-20 жил ажиллаж байж төрийн нарийн бичгийн дарга, Засаг дарга, агентлагийн дарга болох" шаардлагуудыг суулгаж өгч байгаа аж.

Төрийн албыг мэргэшсэн, тогтвортой чадварлаг байхад Төрийн нарийн бичгийн дарга нарын үүрэг оролцоо их. Гэтэл салбартаа "А" ч үгүй улстөрч, тэдний гар хөлүүд очоод суучихаар төрийн аппарат мэргэжлийн чадварлаг хүмүүсээр бүрдэж чадах уу?

Тэгэхээр улс төрийнхөө албан тушаал төдийгүй Төрийн албаны үнэлэмжийг алдагдуулж, албан тушаал бэлэглэх, хувааж, худалдаж идэх утгагүйрлээ улс төрийн намууд хэзээ зогсоох вэ.

Төрийн нарийн бичгийн дарга гэх хүнийг хольж, солиод тоглож болдог юм аа гэхэд аппаратынх нь ажлыг "алж" болохгүй биз дээ.

 Б.ХОНГОР

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment