2016/01/17

Өөрчлөлт зөвлөлдөөний үр дүн байх учиртай

Үндсэн хуулийн 24 жилийн ойд.

"Энэ хууль бол тогтворжсон нийгмийг бататгасан бус, харин төлөвших нийгмийн үндсийг бэхжүүлсэн хууль билээ" 

Монгол улсын гавъяат хуульч Б.Чимид

1. Үндсэн хуулинд "их засвар" хийх үү? эсвэл "Шинэ V Үндсэн хууль"-ийг батлах уу?

Өнөөгийн нийгмийн бүх алдаа дутагдал, хэрэг булхайг Үндсэн хуулиас үүдсэн мэтээр тайлбарлах нэр бүхий эрхтэн дархтан байна. "Өршөөлийн хууль"-тай өнгө адил санаа бололтой. Өнөөгийн хямрал, гажуудал бол шинэ Үндсэн хуулийн буруу биш. Харин хууль хэрэгжүүлээгүй засаглалын буруу гэдгийг хүн бүхэн биш гэхэд мэдэх хүн бий. Харин эрдэм судалгааны ажлын хүрээнд дэлхийн ардчилсан улсуудад байдаг нийтлэг жишиг, шалгууруудыг харгалзан Үндсэн хуульд үнэлгээ өгөх цаг болсон уу гэвэл болсоон. Өнгөрсөн 24 жил дэх монголчуудын хүсэл зориг, сонголт шийдэл, улс төр нийгмийн амьдралд илэрч байсан бодит практик, хэрэгжилт аль алиныг үндэс болгож бодит үнэлгээ өгөх хэрэгтэй болж.

Иймд Үндсэн хуульд "их засвар" хийх эсвэл "Шинэ V Үндсэн хууль"-ийг батлах эсэх асуудлаар олон намын төлөөлөл орсон, энэ чиглэлээр мэдэж гадарладаг хуульч, эрдэмтдийн бүрэлдэхүүн бүхий Зөвлөх хороог даруй байгуулж, ажиллуулах санал дэвшүүлж байна. Ингэхдээ Үндсэн хуулийг хэт магтан дуулах эсвэл харлуулан үгүйсгэх туйлширлын аль алинаас зайлсхийх нь чухал байна. Дордуулсан эсхүл дээрдүүлсэн гэх долоон өөрчлөлт систем тогтолцоог ямар үр дүнд хүргэсэн бэ гэдгийг ч хагалж үнэлэх хэрэгтэй. Чухам ийм чиг хандлагаар Зөвлөлдөх ардчиллын аргачлалаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх саналыг 2015 оны дөрөвдүгээр сард дэвшүүлж, судалгааны ажлаасаа бичиж байв. Улмаар 2015 оны тавдугаар сарын 3-нд парламентын бүх намын оролцоотойгоор "Үндсэн хууль ба Зөвлөлдөх ардчилал" Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Үндсэн хуулиндаа энд тэнд нь алаг цоог засвар хийснээс дорвитой, нэг мөр байдлаар иргэдтэйгээ, эрдэмтэн мэргэдтэйгээ зөвлөлдөж шинэчлэн засах нь төрийн машин гацаа, гажуудалгүй зөв ажиллах нөхцөл бүрдэнэ гэж үзсэн юм. Энэ бол үнэхээр чухал, ганц гарц.

2. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар өнөөдөр нийгэмд өрнөж буй хэлэлцүүлэг чухам ямар зарчимд тулгуурлаж явах ёстой вэ?

Үндсэн хуулийг тайлбарлах, үнэлэх онол-арга зүй тогтсон байдаг. Эрх зүйн ямар тогтолцоонд хамаарах, үндэсний эрх зүйн онцлог, уламжлал, туршлага гээд олон зүйл нөлөөлдөг. Үндсэн хууль тайлбарбарлах арга зүйн адил Үндсэн хуульд үнэлгээ өгөхдөө түүхийн үүднээс хандах, үг зүйн, учир зүйн (логикийн), системчлэх, зорилгоор нь (телеологийн) гэх мэт таван арга хэрэглэх нь зүйтэй гэж үзнэ.

Улмаар Үндсэн  хуульд үнэлэлт дүгнэлт өгөхөд Үндсэн хуулийн нэгдмэл байдал, практикт нийцэх, чиг үүргийн үнэн зөв байдал, Үндсэн хуулийн байгууллагуудын уг хуулийн хил хязгаарын хүрээнд ажиллаж буй байдал, Үндсэн хууль бодитой хэрэгжих байдал, Үндсэн хуулийг нийцтэй тайлбарлаж хамгаалж буй Үндсэн хуулийн шүүх Цэцийн үйл ажилллагаа зэрэг шалгууруудыг үндэслэн үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатай юм.

3. Парламентын засаглал уу? Ерөнхийлөгчийн засаглал уу Холимог засаглал уу?

Олон судлаач Монгол Улсыг холимог, хагас Ерөнхийлөгчийн засаглалтай, парламентын засаглалтай гэх нь бий. Нарийвчлан судалбал, Монгол Улс алинд нь ч хамаарахгүй өөрсдийн зохиосон дэлхийд байхгүй тогтолцоотой. Холимог, хагас Ерөнхийлөгчийн засаглалтай улсад Ерөнхийлөгч нь хууль санаачилдаггүй, хориг тавьдаггүй. Харин Ерөнхий сайдыг санал болгодог томилдог, гүйцэтгэх эрх мэдэл байдаг түгээмэл жишиг байна.

Үндсэн хуулийн төслийг ард түмнээр хэлэлцүүлсэн дүнгээс үзэхэд манайд төрийн ямар тогтолцоо, засгийн хэлбэрийг авах сонголтоо ард түмэн хийсэн байдаг. Энэ тухай Үндсэн хуулийг "эх баригч", гавьяат хуульч Б.Чимид бичихдээ "Уг хуулийг боловсруулахдаа төрийн удирдлагын хэлбэрийг тодорхойлох гэж санал авахад хаант засагтай, парламентын засагтай, Ерөнхийлөгчийн засагтай гэсэн гурван янзын санал гарч 900 мянга гаруй хүнээс 60 хувь нь "парламент" гэсэн. Тэгээд ард түмний эл сонголтоор томъёолсон." гэжээ.

Сүүлийн жилүүдэд засаглалын гурван салаа хоорондын зааг ялгаа бүдгэрч, төрийн эрх мэдлийн үр нөлөө, Үндсэн хуулиар тунхагласан хариуцлагын тогтолцоо алдагдаж байгаа талаар хэлж, ярьж, бичиж байна. Шалтгааныг Зураг 1 үзүүллээ.

Зураг 1.

Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон төрийн байгуулалд Британи маягийн эрх мэдлийг төвлөрүүлсэн хэлбэрийн шинж илүү илэрдэг. Парламентын сонгуульд ялсан нам Засгийн газраа шууд байгуулдаг, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл, намын удирдлага гурав нэг гарт бодьтой төвлөрдөг зэрэг нь Вестминстерийн олонхийн "сонгуульт дарангуйллын" системийн үндсэн шинж билээ. "Сонгуульт дарангуйлал" хэмээгдэх энэ системд намын дарга парламентын олонхийг гардан зохион байгуулж, Засгийн газраа тэргүүлдэг. Парламентад хэт олонхи, хэт цөөнхи гэсэн хоёр хүчин сөргөлдөж, олонхи нь хууль тогтоох эрх мэдлийг бүрэн хянаж, намынх нь дарга гүйцэтгэх эрх мэдлийг дангаараа хянах бололцоо олгодог. Ард түмний энэхүү сонголт анх батлагдах үедээ 1992 онд холимог бантан болон өөрчлөгдсөн. Улмаар аажим аажмаар бүдгэрсээр органик процессын хуулиудаар Үндсэн хуулийн агуулга ч, үзэл санаа я гуйвсан. 2000 оноос хойш үе үеийн Ерөнхийлөгч нар эрх мэдлээ өргөжүүлж, төрийн үйл ажиллагааны доголдол, хариуцлагын тогтолцооны завхрал гүнзгийрч "засаглалын хямрал" дээд цэгтээ тулсан юм.

4.Тогтолцооны хямрал муу засаглалын үед гүнзгийрдэг

Үндсэн хууль гэх латин нэр томьёо нь constitution нь систем тогтолцоо, зохион байгуулалт гэсэн утгатай байдаг. Систем гэдэг үгийг Я.Цэвэлийн Монгол хэлний товч тайлбар толинд "аливаа үйл явдал юмны тодорхой горим, тогтолцоо" гэсэн бол тогтолцоо гэдэг үгийг "эмх цэгц, эрэмбэ дараа бүхий бүтэц бүрэлдэхүүн: нийгмийн байгуулал, ёс дэглэм" гэж Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс гаргасан Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар тольд бичжээ. Өөрөөр хэлбэл, тогтолцоо гэдэг нь бие даасан элементүүд тодорхой нэгэн зорилгыг гүйцэлдүүлэхэд чиглэн эмх цэгц бүхий зохион байгуулалтад орж, үйл ажилагааны тогтсон горимоор нэгэн цогц болж ажиллахыг хэлнэ гэж ойлгож болно.

Хямралын тухай ойлгох нь

Эртний грек хэлэнд хямрал буюу кризис гэдэг үг нь шүүх, шудрага өршөөлгүй шүүх гэдэг утгыг илэрхийлдэг байсан бол орчин цагийн грек хэлэнд шийдэл, эргэх цэг, гарц гэсэн утгыг, латин хэлэнд ухралт, уналт гэсэн утга илэрхийлдэг байна. Харин монгол хэлэнд хямрал гэж Я.Цэвэлийн Монгол хэлний товч тайлбар тольд "хямрал гэдэг нь хямрах үйлийн нэр бөгөөд хямрах гэдэг нь эсрэг тэсрэг юмны харилцан зохилдохгүй харшилдах, тэмцэлдэх"-ийг хэлнэ. МУ-ын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс гаргасан Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар тольд "өөр хоорондын санал үл нийлэх байдал, эрх ашгийн зөрчил зэргээс үүдсэн үл ойлголцох байдал; нийгэм эдийн засаг, улс төрийн үйл ажиллагаанд үе үе тохиолдох хүндрэл, бэрхшээл" нь гэж томъёолжээ. 

Системийн хямралыг томъёолох нь

Тэгвэл дээрх тодорхойлолтуудад суурилан системийн хямрал гэдгийг нэгтгэн томъёолбоос дотоод, гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр тухайн системийн бүрдэл хэсгүүдийн үйл ажиллагаа доголдох, улмаар системийн доторх уялдаа холбоо, үйл ажиллагааны горим алдагдан тухайн систем бүхэлдээ зорилтот үйлээ гүйцэлдүүлэх боломжгүй болон уналтад орж, түүнийг засч залруулахад чиглэсэн шийдвэрийг яаралтай гаргах хэрэгтэй нөхцөл байдал үүсэхийг хэлэх аж Эндээс дүгнэвэл муу засаглалын үед улам тодорч буй Үндсэн хуулийн хямралт байдал монголын төрийн тогтолцооны хууль эрх зүйн суурь болсон зөрчилтэй тавигдаж дордуулсан дөрвөн өөрчлөлт сайжруулсан гэх гурван өөрчлөлтөөс үүдэн төрийн байгуулалтын гаж тогтолцоо үүсч, гацаа, гажуудлаар дүүрэх болсон байна. Үүнийг:

  1. Засаглалын тодорхой хэлбэрээ олоогүй, уялдаа холбоогүй, хариуцлагагүй байдал

  2. Төрийн эрх мэдлийг харьцангуй бие даасан гурван салаанд хуваарилдаг нийтлэг жишиг алдагдсан, төрийн гурван өндөрлөг гэгдэх буруу ойлголт нь гурван зөрчилтэй толгойтой болгосон байдал

  3. Төрийн эрх мэдлийг тэнцвэржүүлэн хуваарилах тулгуур зарчим зөрчигдсөн

  4. Төрийн эрх мэдлийн дээд байгууллагуудын харьцангуй бие даасан байдал, тэдгээрийн хоорондын хоёр талт уялдаа, хамаарал, зохист харьцаа, үйл ажиллагааны нэгдэл хангагдахгүй байгаа

  5. Төрийн бодлогын нэгдмэл, зангидмал байх шинж алдрах аюул үзэгдэх болсон зэрэг нь дээрх дүгнэлтийг хийх  бодит үндэслэл болж байна.

  1. Гацаа, гажуудлаас яаж гарах вэ?

Төрийн байгуулалтын тогтолцоонд нэгэнт ийм гажуудал, зөрчил үүсчихсэн тул түүнийг эхлээд бодьтойгоор хүлээн зөвшөөрч, гарах арга замаа эрж, хайх хэрэгтэй. Түүний оронд төрийн байгуулалтын Монголын нэн өвөрмөц, онцлог тогтолцоо бий болгосон хэмээн хөөрцөглөн, бараг дэлхийд дэлгэрүүлэх туршлага, засгийн шинэ хэлбэр болсон мэтээр онгирсоор тогтолцооны хямралын ангалд ирчихээд байна. Иймд нэгдүгээрт, Үндсэн хуулинд "их засвар" хийх эсвэл "Шинэ V Үндсэн хууль" батлах эсэх асуудлаар бүх намын төлөөлөл орсон, энэ чиглэлээ мэдэж гадарладаг хуульч, эрдэмтдийн бүрэлдэхүүн бүхий Зөвлөх хороо байгуулж ажиллуулах, хоёрдугаарт, Зөвлөлдөх ардчиллын аргачлалаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг ард түмэнтэйгээ зөвлөлдөн хэлэлцэж шийдвэрлэх саналыг дахин дэвшүүлж байна.

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment