2016/01/19

Манаачийг манахаар боллоо

Ирц хүрээгүй гэсэн шалтгаанаар бүтэн нэг цагаар хоцорч эхэлсэн өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг хэлэлцэж, баталлаа.

Ингэснээр Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурав нь буюу энэ жил 74 нас сүүдэр зооглосон П.Очирбат, 68 настай Н.Жанцан, 66 настай Т.Лхагва нар шинээр баталсан хуульд заасан насны хязгаарыг давсан тул тэтгэвэртээ суухаар болж байгаа юм.

Хууль санаалагч Х.Тэмүүжиний анхны төсөлд Цэцийн гишүүдийн насны заагийг 60 насаар хязгаарлахаар суулгасан ч, Төрийн албаны хуулийн дагуу 65 насаар тогтоохоор төсөлд өөрчлөлт оруулах саналыг Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нар гаргасны дагуу ийнхүү Үндсэн хуулийн цэцийн гишүүний насны дээд хязгаарыг 65 байхаар хуульчилж өглөө.

Байнгын хороод болон анхны хэлэлцүүлгийн явцад МАН-ын зарим гишүүдийн эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарсан дээрх төслүүдийг баталснаар Цэцийн шийдвэр хуулийн дагуу олон нийтэд нээлттэй ил тод болж байна. Өөрөөр хэлбэл, төсөл санаачлагчийн зүгээс Үндсэн хуулийг ямар онолоор, ямар үзэл баримтлал, ямар арга зүй, түүхээр утгачилсан, эсвэл үгчилсэн тайлбар хийсэн юм бэ гэдэг нь нууц байдаг нь манах ёстой хуулиа машинаар солих эмгэнэлд хүрээд байгаа талаар хэвлэлд нэг бус удаа дэлгэрэнгүйгээр тайлбарласан бий.

Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн шүүхийн журмаар хамгаалах тогтолцоог бүрдүүлэх ёстой субьект. Гэвч өнгөрсөн хугацаанд цэц нам, бүлэглэлүүдийн эрх ашгийг хамгаалах газар, нөгөө талаар авлигачдын нуугдах оромж болсон гэх шүүмжлэлд өртөн хамгийн муу нэртэй, луу данстай газар болж хувирсан. Өдгөө цэцийн шийдвэр улстөржилгүйгээр гарсан гэдэгт улстөрчид өөрсдөө ч итгэхээ больжээ.

Үндсэн хуулийн манаачаар ажиллаж байгаа цэцийн есөн гишүүний дөрвийг нь Ерөнхийлөгч, хоёрыг нь УИХ, гурвыг нь дээд шүүх томилсон бий. Тэгэхээр хуулийн дагуу насны гавъяандаа гарахаар болж байгаа гурван гишүүний оронд нөхөн томилгоо удахгүй хийгдэх болов уу.

Хэдийгээр Үндсэн хуулийн цэцийн гишүүд Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Улсын дээд шүүх, УЕП-оос гаргасан хууль тогтоомж, шийдвэр, журамд хяналт тавих ёстой ч эсрэгээрээ энэ "эрх мэдэлтэй" дүйцэхүйц ёс зүй, хариуцлагын тогтолцоотой болгох үүднээс "Гуравхан нүүр нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барьсан"-аа хууль санаачлагчийн зүгээс хэлж байсан юм.

Хуулийн төслийг байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед МАН-ын зүгээс "Цэцийн гишүүдийг тогтвортой ажиллуулах" санал ч гаргаж байсан юм. Ялангуяа Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нарын гишүүд цэцийн гишүүдийн насны асуудал эмзэг хандсан нь үнэндээ тэдэнд саймшраад байгаа юм биш, өөрсдийнхөө дараагийн ажлыг бодсон хэрэг гэх хардлага ч улс төрийн хүрээнд байв.

Өөрөөр хэлбэл, хаалга үүд нь хаалттай, гаргасан шийдвэр нь нууц байсан Цэцийн маргаан шийдвэрлэх процесс өнөөдөр батлагдсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу олон нийтэд ил тод, нээлттэй байхаар болж байна.

Цэцийн шийдвэр ил тод болно

Урьд олон хүн ингэж бичдэг, асуудаг байв. Учир нь цэцийн гаргасан шийдвэр хэн нэгний захиалгатай бус гэдгийг хэн ч шалгах эрхгүй, тэр бүү хэл Үндсэн хуулийн цэц өөрсдийнхөө үзэмжээр шийдвэрээ гаргаж байгааг мэдэх аргагүй байв. Харин өнөөдөр хуулийн дагаа цэц шийдвэрээ ил тод нээлттэй гаргах, хуралдааны үеэр хэн юу ярьсан болон дүгнэлт нь ойлгомжтой, үндэслэлтэй болох цаашлаад иргэн өөрөө хүсч байгаа нөхцөлд хувилж авах бололцоо нээгдэж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, өнөөдөр баталсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу Үндсэн хуулийн манаачийг манах болоомж иргэд бидэнд бий болж болж байна гэсэн үг.

Үнэндээ өнгөрсөн хугацаанд шийдвэрээ "570" машинаар худалдсан гэх хардлагад өртөж, дээд шүүх, прокурор, бүр УИХ-ын гишүүдийн захиалга авдаг нэг үгээр хэлбэл, манах ёстой хуулиа худалддаг газар болоод хувирсныг улстөрчид, хуульчид ихээр шүүмжлэх болсон билээ.

Өнөөдрийн чуулганы хурлаар гэхэд цэцийн шийдвэрээс болсон эдийн засаг дахь гажуудлыг нь засах хуулийн төслийг УИХ баталлаа. Энэхүү хууль баталснаар ипотекийн зээл хэвийн үргэлжилж, найман хувийн хүүтэй зээлээр орон сууцанд орохоор төлөвлөж байсан олон мянган иргэдийн хувьд "нар нь гарлаа" гэж хэлж болно.

Ийнхүү Үндсэн хуулиар түрий барьсан Үндсэн хуулийн манаач нарын үүргийг хуульчилж өгснөөрөө манаачийг манадаг болж байна.

Хууль тогтоогч юм шиг, шүүгч юм шиг, улстөрч юм шиг болчихсон, захиалгаар шийдвэр гаргадаг, хууль захиалж батлуулдаг гэх шүүмжлэлд өртөөд байгаа Цэцийн дээр цаашдаа хөх тэнгэрээс өөр зүйл үгүй байгаасай гэж найдъя.

Ж.НЯМСҮРЭН

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment