2016/03/10

Өмнөговьд хэн өрсөлдөх вэ?

"Сонгууль-2016" тулааны өнгийг тойргоор нь долоо хоног бүр тоймлон мэдээлж буй. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог буюу Өмнөговь аймагт хэн, хэн нэр дэвшихээр сунгааны бэлтгэл хангаж байгааг тоймлолоо.

Оюутолгой, Тавантолгойн орд газрыг дагаж сүүлийн жилүүдэд Өмнөговь аймгийн хүн ам тогтмол өссөөр 61540 /2015 оны дүнгээр/-д хүрчээ. Парламентад тус аймгийн иргэд, сонгогчдыг төлөөлөн УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ сууж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталж, сонгуулийн холимог тогтолцоог суулгаснаар мандатын тоо нь хумигдсан юм.

Ардчилсан нам:

Тандалтаар бол эрх баригч хүчин УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Ц.Баярсайхан нарын аль нэгийг сойх нь. Гол нь намаас нэр дэвшигчиддээ тавих шалгуураас хамаарч хэн нь тойрогт, хэн нь намын нэрсийн жагсаалт руу шилжих вэ гэдэг нь тодрох аж.

2012 оны УИХ-ын сонгуульд Ц.Баярсайхан гишүүн Өмнөговь аймагт өрсөлдөх боломж байсан ч "Ажнай"-н Д.Бат-Эрдэнэд "виз"-ээ өгснөөр намын листэд багтсан аж. Сонгогчдын олонхи нь Ардчилсан намд итгэл үзүүлснээр дөрөв дэх удаагаа парламентын гишүүнээр сонгогдох эрхийг авчээ. Тэрээр 1996, 2004, 2008 оны УИХ-ын сонгуульд тус аймагт нэр дэвшихэд сонгогчид тэр бүрт нутгийнхан нь итгэл хүлээлгэн УИХ-ын гишүүнээр сонгожээ. Намын нөхөд нь түүнийг ув улаан тойргийг цэнхэр болгосон өрсөлдөгч гэж тодотгох нь бий.

Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч, УИХ-ын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны дарга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Барилга хот байгуулалтын сайдын албыг тус бүр хашсан. Шинэчлэлийн Засгийн газарт Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг хэрэгжүүлэх бодлогыг санаачилж эхлүүлсэн юм. Одоо дээрх зээлд 77 мянган иргэн хамрагдаж, орон сууцтай болсон гэх статистик мэдээлэл бий.

Эрх баригч хүчин 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчиддээ тавих шалгууртаа намын нэрсийн жагсаалтад бичигдэн УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүнээ дахин намын листэд оруулахгүй байх зарчим баривал Ц.Баярсайхан гишүүн хуучин тойрогтоо өрсөлдөх нь. Энэ тохиолдолд "Ажнай"-н Д.Бат-Эрдэнэ намын нэрсийн жагсаалтад багтаж орох хувилбар хүлээж байна. Хөрөнгөлөг, мөнгөлөг улстөрчдийн жагсаалтыг тэргүүлсээр ирсэн түүнийг намын нөхөд нь Батлан хамгаалахын сайдаар томилж, дээлийг нь давхарлаж байсан удаатай. Гэвч танхим нь унаснаар сайдаасаа огцорсон юм. Харин одоо улс төрийн карьер нь үргэлжлэх эсэхийг намаас нь барих бодлого, 2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам хэр амжилттай оролцох эсэхээс үндсэндээ шалтгаалах нь.

МАН:

Ардын намынхны хувьд Өмнөговь аймаг хатуу тойрог ч горилогчийнх нь тоо эрх баригч хүчний нэр дэвшигчээс давжээ.  Нэгхэн мандаттай тул нэр дэвшигчийг тодруулахад том зодоон үүсч мэдэхээр байна. Горилогчдыг тодруулбал, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, тус аймаг дахь МАН-ын хорооны дарга Б.Энхболд, Зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн нэгжийн захирал Х.Бадамсүрэн, мөн бие даах уу, эсвэл өөр намаас нэр дэвших үү Х.Мандахбаяр гэдэг нэр ч дуулдаж байна. Гэхдээ тэднээс Х.Бадамсүрэн нь өрсөлдөхгүй бололтой. Хэрвээ УИХ-ын сонгуульд өрсөлдөх байсан бол Сонгуулийн хуульд заасны дагуу шинэ оноос урьтаж ажлаа өгөх байсан тухай "бор шувуу" нисэх ч төслийн нэгжийн захирлыг сонгуульд өрсөлдөх эсэхийг нь хуулиар хязгаарласан зохицуулалт байхгүй тухай яриа ч хөвөрч байна. Б.Энхболдын хувьд аймагтаа нэлээд танигдсан бизнесмэн аж.

2012 оны орон нутгийн сонгуульд МАН-ын ялалт байгуулсан аймгийн нэг нь Өмнөговь. Нийт 33 мандатынх нь олонхийг тус намаас нэр дэвшигчид авснаар Б.Бадраад итгэл хүлээлгэн Засаг даргаар сонгожээ. Гэхдээ Засгийн газрын тэргүүнээ нутагт нь очиход 13 сая төгрөгийн үнэтэй мөнгөн аяга бэлэглэсэн гэх хэл аманд өртөж байв. Энэ тухайгаа "Шилэн данс"-ндаа тайлагнаснаар МАН-ынхны овоо хараанд өртсөн ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "13 сая төгрөгийн үнэтэй мөнгөн аяга гэж юу байдаг юм бэ. Би тийм мөнгө аяга аваагүй" гэж няцаалт хийснээр дуулиан намжсан юмдаг. Харин одоо УИХ-ын сонгуульд өрсөлдөх эсэх нь МАН-ын Бага хурлын гишүүдээс авах дэмжлэг, мөн Удирдах зөвлөлийн шалгуур гээд олон зүйлээс хамаарах ч ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатынх нь байр сууриар бол мөнгөний хамаарал багатай, ачаа дааж явж чадах, сонгогчийн итгэлийг хүлээлгэсэн нэр дэвшигчийг УИХ-ын сонгуульд сойх болж байна.

МАХН:

Сонгуулийн чимээ ойртох тусамд тойргоо тордох болсон улстөрч бол Шадар сайд Ц.Оюунбаатар аж. 2012 оны УИХ-ын сонгуульд төрсөн нутагтаа нэр дэвшээгүй ч намын нэрсийн жагсаалтад багтсанаар хоёр дахь удаагаа парламентад сонгогдсон байна. 2000 оны УИХ-ын сонгуульд тэрээр Ерөнхий сайд асан С.Баярын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Б.Долгортой хамт нэр дэвшихэд өмнөговьчууд итгэл хүлээлгэж байжээ.

УИХ-ын сонгуулийн өмнө МАН, МАХН нэгдэж магадгүй чимээ дуулдаж буй. Нэгдэхгүй бол эвсэж орох вариант ч бий. Одоогоор энэ асуудал ярианы төвшинд байгаа. МАН-ынхны хувьд МАХН-тай нэгдэхгүй бол саналаа хувааж болзошгүй гэсэн болгоомжлол тээж байгаа. Хэрвээ хоёр нам нэгдэх, эвсэхийн аль нэг сонголтыг хийж таарвал МАН давуу эрх эдлэн хүнээ Өмнөговьд сойх уу, эсвэл МАХН хүнээ дэвшүүлэх үү гэдэг асуудал хөндөгдөж таарна.

Нөгөө талдаа МАХН Монголын Ногоон намтай эвсэх шийдэлд хүрсэн байгаа. Энэ тохиолдолд 2012 оны УИХ-ын сонгуульд МНН-аас тус аймагт нэр дэвшиж байсан Н.Сугар дахин өрсөлдөх үү, мөн ИЗНН Ардчилсан намтай эвсэх бол өмнөх УИХ-ын сонгуульд ИЗНН-аас нэр дэвшиж байсан Г.Гансүхэд тойрог олдох уу яах вэ гээд асуудал хөврөх нь.

УИХ-д сонгогдсон түшээд хэн бэ?

1992 онд 

Р.Цагаанхүү, Д.Идэвхитэн МАХН

1996 онд

Ч.Отгонбаяр АХ эвсэл, Ц.Баярсайхан АН

2000 онд

Ц.Оюунбаатар, Б.Долгор МАХН

2004 онд

Д.Бат-Эрдэнэ "Эх орон ардчилал" эвсэл, Ц.Баярсайхан АН

2008 онд

Х.Бадамсүрэн МАХН, Ц.Баярсайхан АН

2012 онд

Д.Бат-Эрдэнэ

Г.ХОРОЛ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment