2016/03/10

Засгийн зальтай мэдээ

Ипотекийн зээлийн хүүг бууруулах Засгийн газрын шийдвэрийг иргэд ихэд сонирхож буй ч яг хүссэн хариултыг нь өгөх эрх мэдэлтэн олдсонгүй.

Энэ талаар Засгийн газрын албан ёсны мэдээлэлд "Улаанбаатар хотын шинэ болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт хөтөлбөрийн хүрээнд орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг эхний ээлжинд бууруулах, бусад байршилд орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг цаашид үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэж үзлээ" гэдгийг дурдсан юм.

Эндээс ойлгомжгүй байгаа нэгэн асуудал нь дээрх байршилд шинээр орон сууц худалдан авбал таван хувийг хүүтэй зээл олгох уу эсвэл шинээр болон өмнө нь авсан байсан иргэд бүгд хамрагдах уу гэсэн асуулт.

Хэрэв шинээр авах иргэдийг зээлийг хүүг бууруулбал Монголын төр иргэдээ алагчилж үзсэн хэрэг болж таарна. Тэгж яриад ч эхэлсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг гэдгийг агаарын бохирдлын эсрэг авч буй бодлого гэж ойлгож болох ч өмнө болоод шинэ зээлдэгч нарыг ялгах нь утгагүй.

Мэдээж нийтэд нь таван хувь руу шилжүүлэх боломж, бололцоо өнөөгийн Монголын эдийн засагт байхгүйг эдийн засагчид онцолж буй. Энэ нь эцэстээ эдийн засгаа ч сүйрүүлж мэднэ гэсэн болгоомжлолыг төрүүлж буй.

Харин эрх баригчид яг яахаа нарийн тодорхой мэдээлэхгүй байсаар....

Энэ талаар С.Эрдэнэ сайд "...Найман хувийг таван руу шилжүүлэх үе шатыг хоёр хэсэгт ангилж байгаа юм. Эхний удаад алслагдсан дүүрэг, 21 аймагт баригдсан орон сууцны хөтөлбөрийг хамруулахаар тусгасан. Монголбанк, Сангийн яам, салбар яам, холбогдох мэргэжлийн байгууллагууд судалгаа хийж үзсэн. Ингээд "Хэрэгжих бүрэн боломжтой" гэж үзсэн учраас хамтарсан шийдвэр гаргаад байна. Дөнгөж сая Монголбанкны Ерөнхийлөгч, Засгийн газрыг төлөөлж миний бие, мөн арилжааны банкуудтай ипотекийн зээлийг үргэлжлүүлэх үйл ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа" гэж энэ талаар мэдэгдсэн.

Харин УИХ-ын дарга З.Энхболд Дундговь аймгийн иргэдтэй уулзахдаа, Монгол Улсын инфляцийн түвшин буурсантай уялдуулан орон сууцны ипотекийн зээлийн хүүг таван хувь болгон бууруулсан болохыг  танилцуулсан. Түүний танилцуулгаас бол зээлийн хүүг нийтэд нь бууруулах нь гэсэн ойлголт авмаар.

Гэтэл С.Эрдэнэ сайд "Улсын төсвийн гүйцэтгэл 100 хувь гараад, Оюутолгойн хөрөнгө оруулалт орж ирээд, хөрөнгө оруулалтын бусад эх үүсвэр шийдэгдээд эхлэх юм бол төвийн дүүргүүд таван хувь руу шилжинэ. Энэ онд багтааж шийдэх зорилт тавьж байна" гээд буй.

Эндээс хийж болох нэгэн дүгнэлт гэвэл сонгуулиас өмнө энэ асуудлыг нэг тийш болох нь. Өөрөөр хэлбэл, иргэдийн саналыг авах хамгийн чухал "бөмбөг" нь энэ байж мэдэх нь.

Тиймээс л зориуд тодорхойгүй мэдээлэл тараасан болов уу? Түүнээс бүхэл бүтэн аппарат ажиллаж буй Засгийн газрын хэвлэл мэдээллийн багийнхан тиймхэн зүйлийг тодорхойгүй бичихгүй нь мэдээж. "Шинээр" гэдэг үг л тавьчихад энэ асуудлын гогцоо нь тайлагдана шүү дээ. Гэтэл тэгсэнгүй.

Мэдээж Оюутолгойн хөрөнгө оруулалт сонгуулийн өмнөхөн орж ирэх нь хэнд ч тодорхой асуудал. Тиймээс л одоо зарлах нь цаг хугацааны хувьд тохиромжгүйн дээр эдийн засагт ч сөрөг нөлөө үзүүлж, мөнгө, хөрөнгө нь ч хүрэлцэхгүй байгаа хэрэг.

Тиймээс хөзрөө нууж буй. Нөгөөтэйгүүр сөрөг хүчний шүүмжлэлийг бас тооцсон байгаа.

Тиймээс яахын аргагүй энэ шийдвэр АН-ын энэ удаагийн сонгуульд оролцох том хөзөр нь. Хөзрөө юу ч болоогүй байхад зарладаг тоглогч гэж хаана байх билээ.

Сонгуулийн өмнө зарлаад сонгуулийн дараа буцаахаа тэд мэдэж л суугаа болов уу? Ийм болохоор л ипотекийн зээлийн хүүгийн мэдээллийг "бөөрөнхий" өгөөд буй хэрэг. Харж л байгаарай...

Л.НАРАНТӨГС

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment