2016/03/22

“Л.Цог, Г.Шийлэгдамба нарт хариуцлага тооцно” гэв

МАХН-ын Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням, тус хорооны гишүүн Б.Дагвийхорлоо, Д.Батбаатар нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус намын гишүүд АН-аас Авлигатай тэмцэх газрыг утсан хүүхэлдэй болгон ашиглаж, МАН МАХН-ыг нэгдэх асуудалд хориг тавьж саад учруулж байна гэж хурлын эхэнд онцолсон юм. Мөн намын бодлогоос зөрж, хэн нэгэн аль нэгэн бүлэглэлийн гар хөл болж яваа гэх Г.Шийлэгдамба, Л.Цог, С.Дашдондог нарыг гаргасан алдаагаа гэмшин хүлээж намын хамт олноос уучлал гуйхыг МАХН-ын Хяналт ёс зүйн хорооноос албан ёсоор шаардаж байгаа аж. Хэрэв уучлал эс хүсвэл намын дүрмийн дагуу төрийн болон улс төрийн албан тушаал хаших, УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд нь улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй болохыг мэдэгдэж байгаагаа хэллээ.

ЭМС-ын сайдын суудлын Г.Шийлэгдамбад хадгалж байж мэднэ

МАХН-ын Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням "МАХН-ын дарга Н.Энхбаярыг авилгын хэрэгт хутгаж, улмаар МАХН-ыг сонгуульд оролцуулахгүй байх гэсэн хагалан бутаргах, хутган үймүүлэхэд гаршсан нам дамнасан олигархи бүлэглэлийн урт гартнууд АТГ, хууль хүчний зарим хүмүүсийг утсан хүүхэлдэй мэт удирдаж байгаа нь нууц биш юм. МАХН, МАН-тай хамтарч ажиллах  яриа гарч анхны алхам хийгдэнгүүт маргааш нь МАХН-ын санхүү аж ахуй эрхэлсэн нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг өндөр албан тушаалтны заавраар баривчлан нэг сар гаруй хориод байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл МАХН, МАН-тай эвсэх хамтрах  юм бол танайхныг Цогтбаатар мэт баривчилна шүү гэсэн ноцтой сануулга өгч буй хэрэг. Эрүүл мэндийн сайдын суудал эзгүйрээд хэдэн сар боллоо. Манай намаас Эрүүл мэндийн туршлагатай удирдагч, эрдэмтэн, доктор,бөөрний нэртэй мэс засалч гавъяат эмч Л.Жамбалжавыг сайдад хуулийн хугацаанд нэр дэвшүүлсэн ч Ерөнхий сайд учир битүүлэг татгалзсан билээ. Засгийн газрын хуульд орон гарсан Засгийн газрын гишүүнийг 30 хоногийн дотор томилдог хуультай. Энэ хууль яагаад хэрэгжихгүй байна. Г.Шийлэгдамбыг анхны мэдүүлгээс буцаж Н.Энхбаярын шаардлагаар мөнгө зээлсэн зарим хэсгийг Н.Энхбаярт өгсөн гэж хэлүүлсэний шан болгон сайдын суудлыг хадгалаад байгаа юм биш үү. Г.Шийлэгдамба "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцож Тахарын албаны хамгаалалт авсныг юу гэж тодорхойлох вэ? Нууц ноёнтон ярилцлага өгүүлээд хамгаалалтанд авч энд тэнд нууцаар уулзаад байгаа юм бишүү гэсэн хардлага манай намын гишүүд, дэмжигчид, иргэдийн дунд газар авлаа. Г.Шийлэгдамбын энэхүү туйлбаргүй занд МАХН-ын гишүүд, дэмжигчид нэн харамсаж байна. МАХН-ын ЕНБД-ын санхүү бүрдүүлэх, захиран зарцуулах үүргээ биелүүлснээ бусдын ятгалга дарамтанд орж  анхны мэдүүлгээсээ буцан намын даргаа гүтгэсэнийг МАХН-ын гишүүд, дэмжигчид эрс эсэргүүцэж байна" гэдгээ мэдэгдлээ.

Л.Цог МАХН-ыг хагалан бутаргах ажиллагааг эртнээс явуулж байсан

Мөн УИХ-ын дэд дарга Л.Цог "Н.Энхбаяр нэг сая ам.доллар нэхэж дарамталсан" гэж хэвлэлээр мэдээлсэн нь МАХН-ынхныг багагүй сандаргаад байгаа юм. Хэвлэлийн хурал зарласан гишүүдийн зүгээс "Л.Цог намын дэд дарга болъё, УИХ-дэд дарга, намын дэд дарга хоёрыг хослуулан намдаа илүү сайн үйлчилье гэсэн агуулгатай саналыг намын даргад тавьсан байдаг. Дарга давхар дээл өмсүүлээгүй учир сэтгэлдээ гоморхол тээж явсаных уу манай намын түрээсээр сууж буй байрыг худалдсан өөрөө хуулийн зөвлөхөөр нь ажиллаж байсан гадаадын компанийн эздийн хууль бус нэхэмжлэлийн талд ашигтай мэдүүлэг өгч Н.Энхбаяр даргыг нэг сая долларын хилс хэрэгт хутгасан хүн бол Л.Цог. "Би нам байгуулж байгаа манай намд орооч хамтраад ажиллая" гэж манай намын удирдах ажилтанд санал тавьж байсан хүн бол Л.Цог. Энэ бол намыг хагалан бутаргах удирдлага хооронд яс хаях маш ноцтой үйлдэл. Бид энэ бүхнийг мэдэж мэдэрч ажиглаж Цог гэдэг хүнийг ухаарч сэхээрэх боловуу гэсэн итгэл тээж найдвар тавьж байсан юм. Нөгөө талаар эвслээ задлахгүй, засгийн газрыг тогтвортой ажиллуулах үүднээс Л.Цогийн асуудлыг авч хэлэлцээгүй хойшлуулж байсан харин одоо илчлэх цаг нь ирсэн" гэсэн юм.

С.Дашдондог ямар шалтгаанаар МАХН-аас 560 сая төгрөг нэхэмжлэв?

Сүүлийн үед олны анхаарлыг багагүй татаад байгаа бас нэгэн асуудал нь МАХН-ын гишүүн Булган аймгийн МАХН-ын Мянгатын дарга асан С.Дашдондог нь намаасаа 560 сая төгрөг нэхэмжилж буй асуудал юм. Ямар шалтгаанаар ийнхүү их хэмжээний мөнгө намаасаа нэхэж байгаа тус намын Хяналтын ёс зүйн хорооныхон тайлбарлахдаа "С.Дашдондог МАХН-д 540 сая төгрөг өгсөн гэж нэхэмжилж байгаа бололтой. Тэр "УИХ-ын сонгуульд нэр дэвшиж 400 сая төгрөг зарцуулсан" гэж Булган аймгийн намын хурал дээр олонтоо хэлж байсаныг намын гишүүд гэрчилнэ. Эндээс үзэхэд 400 сая төгрөг нь өөрийнхөө төлөө сонгуульд зарцуулжээ. С.Дашдондог төрийн албанаас чөлөөлөгдөөд 2015 онд өөрийн хүсэлтээр Булган аймгийн намын дарга болсон.Ингэхдээ намын дүрэм ноцтой зөрчсөн байсаныг анхааруулж дүрмийн дагуу хурлаа хийж алдаагаа залруулах зөвлөгөөг Хяналт Ёс Зүйн хороо өгч байсан" гэж тус хорооны гишүүд мэдэгдлээ.

Т.ДАВААНЯМ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment