2016/03/22

Даашинзны хормойд нуугдсан улс төр

Ч.Сайханбилэгийг огцруулах Г.Уянгын бланк дээр гарын үсэг зурсан МАН-ынхныг Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар "Даашинзны хормойд зүүгдсэн улс төр хийж буй"-г нь тухайн үед шүүмжилж байв. Оюутолгойн асуудал гэхээсээ илүүтэйгээр Ардчилсан намыг тамиргүйдүүлэх гэсэн МАН-ынхан Г.Уянгаар бамбай хийсэн ч бараагүй билээ. Харин МАН нэг нэрээ хоёр болгож, "даашинзны хормойд нуугдсан улс төр хийлээ" гэх гоё хочтой үлдсэн юм даг.

Гэхдээ засгийг огцруулах асуудал дээр ганцхан МАН даашинзны хормойд зүүгдсэн юм биш л дээ. Үнэндээ Монголын эрчүүд нь эмэгтэйчүүдийнхээ даашинзны хормойд  нуугдчихаад хоёр тал болон зодолдох болсныг өнөөдрийн улс төрд өрнөж байгаа өрнөл хийгээд үйл явдлаас  харж болно.

Чухамдаа бол Сайншанд аж үйлдвэрийн паркийн төслийг хэрэгжүүлэхдээ их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй гэх хэргээр саатуулагдсан Г.Түвшинжаргалын хувьд ч ийм нэгэн улс төрийн золиос болж байгаа хэрэг. Тэрбээр, тэрбум, тэрбум төгрөг төсвөөс "хулгайлж", өөрөө аваад идчихсэн гэж би лав бодохгүй байна. Түүнийг тийм байдалд хүргэсэн эрчүүд харин ил гарч, улс төрийн зодооноо улаан нүүрээрээ хийвэл яасан юм бэ?

Эмэгтэйчүүдийнхээ ард нуугдчихаад эрх ашгийн төлөө өдөр шөнөгүй тэмцэлдэж байхаар эрчүүд минь шулуухан гар зөрүүлчихвэл илүү амар бус уу. Энэ бүхнээс хамгийн их шархдаж, хохирч, гэмтэж үлдэж байгаа нь эцсийн эцэст эмэгтэйчүүд болж байна.

Эрчүүдийн бодвол эмэгтэйчүүд үзэл бодолдоо үнэнч, эрх ашгийг төлөө намаа, найзаа худалдаад идчих хүмүүс биш. Урваж, шарваад, хор хов найруулаад байдаггүй үгээ, үзэл бодлоо ил цагаан хэлчихдэг болохоор л эмэгтэйчүүдийг эрчүүд ийн ашиглаж байгаа хэрэг. Эрчүүд ийм л өөдгүй.

Ердөө арваадхан хоногийн өмнө МҮҮН гэсэн нэр хоч нөмөргөөд нэгэн бүсгүйн ажил амьдралаар нь туг тахиад өнгөрсөн юм. Ард нь ахиад л нөгөөх эрчүүдийн зодоон өрнөсөн. Чухамдаа бол улс төрийн тэмцэл дунд Б.Насанбаяр золиос болоод өнгөрсөн болохоос тавьсан сумны утга өөр байсан юм шүү дээ. Даанч, нийгэм маань эрчүүдийг гэхээсээ эмэгтэйчүүдийг дээрэлхэж, дэвсэлж чаддаг болохоор бүх  буруу, бүх л дарамтыг өөр дээрээ үүрээд ч болтугай Б.Насанбаяр масс дах дайралтыг зогсоосон хэрэг. Хэрэв эрчүүд байсан бол ингээд ажлаа өгөхгүй байсан нь лав. Ичихгүй тамга тэмдгээ аваад зугтаах байсан болов уу? Эрх мэдлээсээ салж хагацахгүй гэсэндээ нэг бус эрэгтэй дарга нар тамга тэмдгээ аваад зугтаасан хэрэг цөөнгүй гарч л байсан юм даг.  

Тавантолгой гэх ордын хэрүүл ордны зодоон болоод одоо нийгмээ хоёр хуваах хэмжээнд авааччихлаа. Энэхүү үйл явдлаас харахад эрдэс баялаг тойрсон эрх мэдэлтнүүдийн эрх ашгийн төлөөх талцал, тэмцлийн золиос нь ахиад  эмэгтэйчүүд болж байгааг хэлчихэд гэмгүй биз.

Муу муухайг нь Л.Эрдэнэчимэг гишүүн зүүгээд үлдсэн болохоос угтаа бол төмөр зам, Тавантолгойг булаацалдсан эрчүүдийнх нь хийж буй ирээдүйн эрх мэдлийн төлөөх улс төр тэнд өрнөж байгаа нь сохор хүнд ч харагдахаар ил байна.   Харамсалтай нь, хараал, ерөөлийг нь эмэгтэйчүүд үүрээд үлддэг харин эрчүүд уснаас хуурай гардаг муухай үзэгдэл Монголын улс төрд жишиг үзэгдэл болон тогтох шинжтэй.

Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ байна. Эрх мэдэлд шунасан Н.Энхбаярын бамбай болоод л яваад байгаа тэр энэ асуудлаасаа болоод хууль хяналтын хаалгыг явсан нэгэн. Энэ мэтээр Монголын улс төрийн хүрээн дэх эрчүүдийн зодоон эмэгтэйчүүдийнхээ даашинзны хормойноос хол хэтрэхээ  байжээ гээд хэлбэл бодит үнэнээс хол зөрөхгүй биз.

Эрчүүдийг бодвол эмэгтэйчүүд үзэл бодолдоо үнэнч, эрх ашгийг төлөө намаа, найзаа худалдаад идчих хүмүүс биш. Урваж, шарваад,  хор хов найруулаад, хогийн хэрүүл хийгээд байгаа хоёр эмэгтэй улстөрч байна уу.  Үгээ ил цагаан хэлчихдэг, үзэл бодлоо хэнээ ч айхгүй илэрхийлчихдэг болохоор л эмэгтэйчүүдийг эрчүүд ийнхүү ашиглаж байгаа хэрэг. Эрчүүд ийм л өөдгүй.

Ийм болохоор Монголын улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх, шийдвэр гаргах төвшин дэх тэдний эрх мэдлийг өргөжүүлэх хэрэгтэй байна. Яагаад гэж үү, бүсгүй хүний даашинзны хормой дор нуугдаад салаавч гаргаж байгаа эрчүүдээс ил цагаан улс төрийн тэмцэл хийж байгаа эмэгтэйчүүд илүү болохоор тэр. Учир нь, эмэгтэйчүүд улс төрд хүч түрэн орж ирсэнээрээ нийгэм, эдийн засаг дахь аливаа асуудалд нухацтайгаар хандахаас гадна бүх давхаргад нийцсэн шийдвэр гаргаж чаддагаараа эрчүүдийг бодвол илүү итгэл хүлээдэг гэнэ лээ. Эцэст нь дахиад сануулахад "Муухан эрээс дээр эм" гэж эртний үг ч бий.

Ж.ЭРХЭС

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment