2016/03/16

МАН-ын буруу өнцөг

Өнгөрөгч Мягмар гаригт УИХ дахь МАН-ын бүлэг жижиг худалдаа эрхлэгчидтэй Төрийн ордонд уулзаж, НӨАТ-ын тухай хуулийг баахан шүүмжилжээ. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ-ын шинэ хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд ингэснээр эдийн засагт эргэлдэж байгаа төгрөг  бүрийг бүртгэх боломжтой болж байгаа юм. Энэхүү хуулийн дэвсгэр болгож, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлж, үүний хүрээнд сүүдрийн эдийн засагт эргэлдэж байсан ДНБ-ий 90 хувьтай, Монгол Улсын жилийн төсвийг тав дахин үржүүлсэнтэй тэнцэхүйц их хөрөнгө илэрсэн.

Нийтдээ 34.4 их наяд төгрөг гудсан дороос илэрнэ гэдэг Монголын эдийн засаг тэр чигтээ буруу зүгт явж байсныг батлан харуулсан явдал болсон юм. Өөрөөр хэлбэл, аливаа татварыг шинээр хэрэглэхдээ өөрийнх нь үндсэн философи, онол, арга , аргачлалтай нь бүтнээр хэрэгжүүлэхгүй бол эдийн засгаа хэрхэн сүйтгэж, самардгийг Ил тодын хуулиар илэрсэн энэ их хөрөнгө монголчууд бидэнд ойлгуулж өглөө гэж хэлж болно.

Татварын буруу тогтолцоо эдийн засгаа улам хумьж, харин сүүдрийн эдийн засаг дахь хууль бус ажиллагааг өөгшүүлэх хэрэгсэл болох нь эргээд улс орны хөгжлийн хамгийн том чөдөр, тушаа, авлигын гол эх үүсвэр болдог. Чухам иймээс татварын хуулиа шинэчилж, санхүүгийн реформ хийх хамгийн эхний үндэс нь НӨАТ-ын хуулиа өөрчлөх явдал байв.

 1997 оноос 2016 он хүртэл хэрэгжсэн  НӨАТ-ын хуучин хууль бол ерөнхийдөө худалдааны татвар маягаар "ашиглагдаж" ирсэн.  Гэтэл НӨАТ-ын үндсэн философинь өөрөө татвар цуглуулж, төсөвт төвлөрүүлэх биш харин  Монгол Улс дахь нийт ажил үйлчилгээ,  худалдаа, хөрөнгийг бүртгэх бүртгэлийн систем юм.  Өөрөөр хэлбэл, хар зах зээл дэх  бүртгэлгүй, татварт хамрагддаггүй хөрөнгийг  илрүүлдэг хамгийн том механизм нь НӨАТ. Харамсалтай нь, өнгөрсөн 16 жилийн хугацаанд уг татвар нь   далд эдийн засгийг дэмжих, бизнесийг "жижиглэх" хэрэгсэл болж байсныг  хэлэх хэрэгтэй.

Шинэ хуулиар НӨАТ төлөгч нь эцсийн хэрэглэгчид. Гэтэл эцсийн хэрэглэгчдээр дамжуулж эдийн засаг дахь худалдаа, ажил үйлчилгээ, хөрөнгийг бүртгэх нь  яагаад эдийн засгийн бодлогын алдаа болж таарсныг МАН-аас асуувал илүүц. Энэ бол жижиг бизнес эрхлэгчдийг турхирч, эрх баригчдын бодлогыг харлуулах гэсэн Ардын намынхны  бодлогогүй улс төр.

Сүүдрийн эдийн засагт байгаа мөнгийг ил болгож, түүнийг бүртгэлжүүлж, эцсийн хэрэглэгчдээрээ дамжуулан бизнес эрхлэгчдэд хяналт тавих нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хэрэглэдэг хамгийн зөв, хамгийн түгээмэл арга.  Энэ утгаараа эдийн засгийг эрүүлжүүлэх НӨАТ-ыг бид дэмжих ёстой.  Гэтэл үүнийг эсэргүүцэн,  "хулгай"-г дэмжээд явж байгаа МАН-ын бүлгээс   эдийн засаг, санхүүгийн реформынхоо гол зорилгыг ойлгож байна уу гэж асуумаар байна.  Жижиг ч байна уу, том ч байна уу хамаагүй, гол нь  Монгол Улсад ажил үйлчилгээ, худалдаа эрхэлж байгаа  л бол түүнийгээ албан ёсоор бүртгэлжүүлэх үүрэгтэй. Ингэснээрээ нэг талдаа татварын бааз суурь нэмэгдэж, эдийн засаг тэлэх, нөгөө талдаа татвар, гааль, хууль цагдаагийнхны халаасанд хууль бусаар ордог мөнгө иргэдийн амьдралд хүртээмжтэй болох,  тэгж ярих юм бол бизнес эрхлэгчдэд өөрсдөд нь ашигтай юм.

 Хөрөнгөө нуугаад  шоронгийн хаалга татахаа байг гэхнээ хууль татвараар далайлгасан бусдын дарамтад орж, авлигачдын "үнээ", "гахай" нь болох нь  хэнд ашигтай гэж. МАН-д уу, эсвэл жижиг бизнес эрхлэгчдэд үү?  Энэхүү гав, дөнгөнөөс салгах хамгийн зөв арга нь НӨАТ.  Чухам иймээс л МАН-ын бүлэгт зөвлөхөд  буруу өнцгөөр ярьж байхаар  Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Хувь хүний орлогын албан татварын хуулиа хурдхан батлаад өгөөч ээ гэж эрх баригчдаас шаардаж суувал илүү  дээр болов уу.  Эдийн засгаа бодоход хүртэл тэр шүү дээ.

Түүнээс ирэх сонгуулиар хэдхэн санал зулгаахын төлөө эдийн засагт эхлүүлсэн реформыг замын дундаас нь "хүчиндэж" болохгүй.  Жижиг, дунд бизнесийг бүртгэхгүй бол ахиад л  сүүдрийн эдийн засагт эргэлдэх их мөнгө олширно. Энэ хэрээр хөрөнгөө нуусан бизнес эрхлэгчдийг дарамталж, халаасаа дүүргэх авлигачдад  харин ч сайхан "өгөөш" болох тал бий. Татварын хурган дарга нарын эхнэр, хүүхдийн хадгаламжаас тэрбум, тэрбумаар тоологдох их мөнгө илэрснийг Ардын намынханд эргэн сануулъя.

НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Хувь хүний орлогын албан татварын хуулийг шинэчлэн баталж байж эдийн засагт хийгдэж буй реформ төгс хэрэгжинэ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шинэчилсэн хуулийн найруулгад "жилийн борлуулалтын орлого нь  50 сая хүртлэх аж ахуйн нэгжүүд жилдээ нэг удаа 500 мянган төгрөг төлөөд ганц удаа тайлан гаргахаар, 50 саяас 1.5 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүд жилд хоёр удаа тайлан гаргаж, 10 хувиар төлсөн татварынхаа 90 хувийг буцааж авахаар, 1.5 тэрбумаас 10 тэрбум хүртэлх нь жилд дөрвөн удаа тайлан гаргаж, 10 хувиар татвар төлөх, 10 тэрбумаас дээш нь жилд дөрвөн удаа тайлан гаргаж, 25 хувиар татвар төлөх"-өөр суулгасан бий. Энэ төсөл УИХ дээр дэмжлэг аваад батлагдвал 50 саяас 1.5 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүд 10 хувиар төлсөн татварынхаа 90 хувийг буцааж авахаар болно. Энэ нь жижиг дунд бизнес эрхлэгчдээ татварын бодлогоор дэмжиж байгаа хамгийн зөв арга. Харин бизнес эрхлэгчдийн хөндөж байгаа хоёр саяын кассын машин бол ердөө шалтаг. Үүнийг нь ашиглаж МАН бизнес эрхлэгчдээ буруу зүйл уриалах нь  увайгүй улс төр болж харагдаж байгааг хэлэх нь зөв биз.

Тэгээд ч АН-ын эхлүүлсэн шинэчлэл болгоныг зогсоохыг МАН оролддог. Хуулийн салбарын шинэчлэлийг ч тэр, боловсролын салбарын шинэчлэлийг ч тэр үргэлж гоочилж, асуудлын ард "нуугдсан "улс төр хийж байгаа Ардын намынхан арай хуучнаа, "хулгай"-гаа хүсээгүй байлтай.

 Ж.НЯМСҮРЭН

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment