2016/04/12

Н.Ганболд: Тэтгэврээ тогтоолгоно

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн гишүүдийн 69.2 хувийн саналаар дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо. Чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нь эрүүл мэндийн шалтгаантай аж.

Хуулиараа АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгож, УИХ томилдог. Бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил байдаг. Түүнийг 2011 оны арваннэгдүгээр сард АТГ-ын даргаар томилж байсан бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь дуусахад нэг жил дутуу байх үед чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ.

Саналыг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ ямар үндэслэлээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. АТГ-ын даргаас чөлөөлөгдсөний дараа өөр албан тушаалд томилогдох сонирхол байгаа эсэх. Монгол Улс Эрүүдэн шүүх конвенцийн эсрэг нэгдсэн ч Хүний эрхийн үндэсний комисс энэхүү конвенци хэрэгжихгүй байгааг сануулж байгаа. Дээр нь АТГ хууль зөрчин баривчилгаа хийж байна гэсэн гомдол гарах болсон тул үүнд хариулт өгөхийг хүсэв.

АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд: Чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нь эрүүл мэнддээ анхаарах шаардлага гарсантай холбоотой. Албан тушаалын наймаа байхгүй. Тэтгэврийн насанд хүрч байгаа учраас хууль тогтоомжийн дагуу тэтгэврээ тогтоолгох хүсэлтэй байгаа.

Хүний эрхийг хангахад хуулийн хүрээнд ажиллахыг хичээж ирсэн. Бүх үйл ажиллагаа прокурорын хяналтад явдаг. Таслан сэргийлэх үйл ажиллагаа явуулахад шүүхийн шийдвэрт үндэслэж хийдэг. Таслан сэргийлэх арга хэмжээ авахтай холбоотойгоор гомдол ирдэг. Удирдлагын төвшинд прокурорын төвшинд ярилцаж шийддэг.

Хүний эрхийг зөрчихгүй гэдэг дээр асуудлууд бий, байнга анхаарлын төвд байх ёстой. Гэрчээр дуудаад хорих шаардлага саяхан гарсан. Гэрчийн мэдүүлэг авах шатанд тухайн хүн өөрөө хэргийн холбогдогч маягийн асуудал үүссэн. Прокурорын хяналт, шүүгчийн шийдвэрийг үндэслэсэн. Эрүүдэн шүүх үйл ажлилагааг хүний эрхийг зөрчихгүй байх талд нь анхаарал тавьдаг. Тухайн хэргийн нөхцөл байдлаас болоод төвөгтэй байдаг. Хэргийн гол нөхцлийг тодруулахын тулд тодорхой хугацаагаар таслан сэргийлэх арга хэмжээ үүсдэг гэсэн хариулт өгөв.

Санал хэлэх шатанд УИХ-ын гишүүн Л.Цог: АТГ-ыг бэхжүүлэхийн оронд татан буулгах ёстой гэсэн хүмүүс бий. Авлигатай бид тэмцэх ёстой, энэ үүрэг нь зөвхөн АТГ-ын ажил биш. Нийгэм даяараа тэмцэх ёстой. Монголын нийгэмд хорт хавдар болтлоо томорсон энэ авлигатай тэмцэхэд хатуу ширүүн үг олныг сонсдог.

Гол нь өөрөөс тань дутуугүй хүн тавигдаж байж, энэ том хорт хавдартай тууштай тэмцэнэ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Томилох хүнтэй нь хамт оруулж ирэх хэрэгтэй байна. Тэгэхээр чөлөөлөх асуудлыг түр хойшлуулж болдоггүй юм уу. Хуульд АТГ-ын даргын түр эзгүйд дэд дарга нь орлоно гэсэн заалт байгаа ч, дарга нь бүр эзгүй үед хэн орлох вэ гэдэг хуулийн зохицуулалт байхгүй байгаа. Тэгэхээр АТГ-ын даргыг чөлөөлөөд явуулчихдаг, шинэ дарга нь томилогдоогүй байтал хийдэл гарвал яах вэ. Мөрдөн байцаалтын нууц задарвал яах юм, хүний эрх зөрчигдвөл хэн хариуцлагыг нь хүлээх юм.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Дараагийн хүнээ хурдан оруулж ир, товлосон хүн байгаа бол. Болж өгвөл Ч.Өнөрбаяраа өнөөдөр оруулаад ирвэл, маргааш чуулганаар чөлөөлөх, томилохоо давхар шийдчихмээр байна, Ерөнхийлөгчтэй ярилцаж үзээч.  

Авлигатай тэмцэх амаргүй. Эхний дарга нь амиа алдсан, хоёр дахь дарга нь хөөгдөж туугдсаар хугацаанаасаа өмнө чөлөөлөгдсөн. Гурав дахь дарга нь хугацаанаасаа өмнө мөн чөлөөлөгдөхөөр болж байна. Хүн тогтохын аргагүй хэцүү газар. Ийм л байдалд оруулдаг. Олигархуудын тэмцэл одоо үхэх сэхээ үзэх дээр явж байна. Даварсан олигарх нь төрийн дээр, хуулийн дээр гарч хэвтэх үү, төр тогтох уу гэдэг юмны өмнө ирлээ. Сүүлийн хоёр, гурав хоногт юу болов. Улстөрчид яагаад тийм зүйл рүү гүйгээд байгаа юм. Эрх мэдлээ ашиглаж дайрч байгаа явдал хуулийнхныг тэсэхийн аргагүй болгож байгаа шүү. Намайг Хууль зүйн сайд байхад арай ч ийм байгаагүй, одоо бүр дэндлээ.

Шинээр томуулах хүн нь тохьтой томоотой хүн байхад анхаармаар байна. Хуулийн байгууллагын толгойд онгироо хүн тавьчихаар систем нь дагаад савчихдаг юм. Хуулийг 1000 сайжруулаад улстөрийн толгойд овлигогүй этгээд гарах юм бол 1000-н сайхан хууль байгаад нэмэргүй. О.Баасанхүүгийн хэлээд байгаад анхаарах юм бий. Хэдийгээр ажиллагаа явуулахад прокурорын хяналт байдаг ч гэсэн нэгдүгээр хүн дээр гарч, зөвшөөрөгдөөд явдаг. Хүнээ оруулж ирэхэд анхаар гэсэн юм.

Г.ДАРЬ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment