2016/04/03

УИХ-ын дарга үндэсний чуулганыг нээв

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.04.04/ "Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо" сэдэвт үндэсний чуулганд оролцлоо. 

Улсын Их Хурал болон орон нутгийн сонгууль болох хугацаа ойртсонтой давхцан эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх боломжийн талаар хэлэлцэж буй тус чуулганд 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг, нийслэлийн ИТХ-д сонгогдон ажиллаж буй 2200 гаруй эмэгтэйчүүдийг төлөөлөн 450 гаруй төлөөлөгч эмэгтэй, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байна. Чуулганы нээлтэд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкман, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар тэргүүтэй хүндэт зочид оролцлоо. 

Улсын Их Хурлын дарга З.Энхболд үндэсний чуулганыг нээж үг хэлсэн юм. Тэрээр "Монгол Улсын анхны ардчилсан сонгууль болсны 25 жилийг ойг өнгөрсөн онд бид тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ хугацаанд бид ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хангалттай туршлага, сургамж хуримтлуулсан байна. Хамгийн чухал нь ардчилсан хөгжлийн замыг Монголын ард түмэн бүрэн, эргэлт буцалтгүй сонгон авсан нь ардчиллын том амжилт юм. Ардчиллыг ийнхүү эргэлт буцалтгүй болгоход өрх гэр бүлийн үнэт зүйлийг бий болгож, хадгалан, уламжлуулагч эмэгтэйчүүдийн нөлөө, оролцоо асар их үүрэгтэй байсан.

Эмэгтэйчүүд өнөөдөр нийгмийн бүхий л салбарт идэвхтэй үүрэг гүйцэтгэж, төрийн албан хаагчдын 60 гаруй хувь, улс төрийн намын гишүүдийн 50 гаруй хувийг бүрдүүлдэг хэрнээ шийдвэр гаргах түвшин буюу Улсын Их Хурал, Засгийн газар, ИТХ, улс төрийн намын удирдлагад тэдний төлөөлөл хангалтгүй байдаг. 

Монгол Улсын Их Хурал энэ асуудлыг шийдвэрлэх талаар шат дараалсан арга хэмжээ авч байгаагийн нэг нь Улсын Их Хурлаар 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуульд Улсын Их Хуралд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлж 30 хувь болгож чадлаа" хэмээн хэлсэн юм. Түүнчлэн 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтод жендэрийн тэгш байдлыг хангах зорилт дахин тэргүүлэх зорилтын нэг болж байгаа нь эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах бүхий л түвшинд үргэлжлүүлэн, тогтвортой дэмжих ёстойг бидэнд сануулж байгааг тэмдэглэн хэлэв. Төгсгөлд нь улс орноо удирдах цаашдын үйл ажиллагаанд  улам бүр идэвхтэй оролцож, нийгмээ шинэчилж, өөрчлөхөд эмэгтэйчүүд илүү их амжилт олно хэмээн найдаж байгаагаа тэмдэглээд үндэсний чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэв. 

Энэхүү үндэсний чуулганыг Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төсөл, Канадын Гадаад хэргийн яамны санхүүжилттэй Олон улсын бүгд найрамдахчуудын хүрээлэнгийн хэрэгжүүлж буй "Сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" төслийн хүрээнд зохион байгуулж байгаа юм. 

Нээлтийн арга хэмжээний үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкман хэлсэн үгэндээ, энэхүү чуулган нь цаг үеэ олсон арга хэмжээ болж буйг онцолж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг энэ үеэр хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын 11 эмэгтэй гишүүн 5 намын төлөөлөлтэй боловч нам харгалзахгүй хамтран ажиллаж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, эмэгтэйчүүд, хүүхдийн эрх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн чиглэлээр олон ажлыг хийж амжуулсан болохыг хэлж байлаа.

Мөн цаашид хийхийг зорьж буй маш олон ажил үлдээд байгааг хэлж, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх боломжийг нээж, Сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн нэр дэвших квотыг 30 хувь болгосон талаар онцолж хэллээ. 

Нээлтийн арга хэмжээний дараа чуулган "Улс төрийн дээд түвшинд шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоо"  салбар хуралдаанаар  үргэлжилж байна. Салбар хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг даргалж байгаа бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол "Эмэгтэйчүүдийн манлайлал" сэдэвт илтгэл, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Монгол Улс дахь Суурийн төлөөлөгч Ашлей Вэйлэн "Эмэгтэйчүүд ардчилсан өөрчлөлтийн түүчээ болох нь" сэдэвт илтгэл, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга "Эмэгтэйчүүд нийгмийн шинэчлэлд" сэдэвт илтгэл, Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг "Эмэгтэйчүүд ба засаглал" сэдэвт илтгэлийг тус тус танилцууллаа.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл энэхүү салбар хуралдаанд "Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжихэд хэвлэл мэдээллийн үүрэг"  сэдэвт илтгэл танилцуулах юм. Үүний дараа "Орон нутгийн түвшинд шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоо" сэдэвт  тус чуулганы хоёрдугаар салбар хуралдаан болно. Хоёрдугаар салбар хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл даргалах бөгөөд Баянхонгор, Ховд, Завхан аймгуудын ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.


УИХ-ын дарга З.Энхболдын "Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо" үндэсний чуулганыг нээж хэлсэн үг

2016 оны 4 дүгээр сарын 4

Энэхүү чуулганд хүрэлцэн ирсэн Улсын Их Хурлын эрхэм гишүүд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчид, үүний дотор алс хязгаарын сумдаас хол замыг туулан ирж уригдан оролцож байгаа орон нутгийн манлайлагч эмэгтэйчүүд, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагын төлөөлөгч нарт энэ өдрийн мэнд хүргэе. 

Өнөөдөр ийм олон эмэгтэй удирдагчид нэг дор хуран цугларсан энэ чухал арга хэмжээг нээж байгаадаа баяртай байна. Миний мэдэхээр Монгол Улсын нийт 330 сумыг хамруулсан, тэр тусмаа Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг оролцуулсан ийм үндэсний хэмжээний арга хэмжээ урьд өмнө нь болж байгаагүй. Түүнчлэн "Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо" гэсэн цаг үеэ олсон,  чухал сэдвийг хөндөн ярилцах гэж байна. Энэ жил сонгуулийн жил, бүх шатны сонгууль явагдаж дуусна. Иймд уг чуулганыг санаачлан зохион байгуулсан Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газар, Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрт талархал илэрхийлж байна.    

Монгол Улсын анхны ардчилсан сонгуулийн 25 жилийг ойг өнгөрсөн онд бид тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ хугацаанд бид ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хангалттай туршлага, сургамж хуримтлуулсан байна. Хамгийн чухал нь ардчилсан хөгжлийн замыг Монголын ард түмэн бүрэн, эргэлт буцалтгүй сонгон авсан нь ардчиллын том амжилт юм. Ардчиллыг ийнхүү эргэлт буцалтгүй болгоход өрх гэр бүлийн үнэт зүйлийг бий болгож, хадгалан, уламжлуулагч эмэгтэйчүүдийн нөлөө, оролцоо асар их үүрэгтэй байсан.

Эмэгтэйчүүд өнөөдөр нийгмийн бүхий л салбарт идэвхтэй үүрэг гүйцэтгэж, төрийн албан хаагчдын 60 гаруй хувь, улс төрийн намын гишүүдийн 50 гаруй хувийг бүрдүүлдэг хэрнээ шийдвэр гаргах түвшин буюу Улсын Их Хурал, Засгийн газар, ИТХ, улс төрийн намын удирдлагад тэдний төлөөлөл хангалтгүй байдаг. 

Монгол Улсын Их Хурал энэ асуудлыг шийдвэрлэх талаар шат дараалсан арга хэмжээ авч байгаагийн нэг нь Улсын Их Хурлаар 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуульд Улсын Их Хуралд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлж 30 хувь болгож чадлаа. Миний хувьд Улсын Их Хурал дахь 11 эмэгтэй гишүүнтэй хамтран ажилласнаар, эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгохын төлөө амлалт өгөөд, түүнийгээ биелүүлсэн байна. 

2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтод жендэрийн тэгш байдлыг хангах зорилт дахин тэргүүлэх зорилтын нэг болж байгаа нь эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах бүхий л түвшинд үргэлжлүүлэн, тогтвортой дэмжих ёстойг бидэнд сануулж байна. Учир нь нэр дэвшигчийн квот гэдэг бол Улсын Их Хуралд сонгогдох баталгаа болж чадахгүй. Иймд сонгуульд нэр дэвших боломжтой эмэгтэйчүүдийг тодруулах, тэднийг сургаж бэлтгэх, олон нийтэд таниулах, намын удирдлагын байгууллага, сонгуульд нэр дэвшүүлэх журмыг эмэгтэйчүүдэд ээлтэй шударга, ил тод болгох гэх мэт олон зүйл хийхийг улс төрийн намуудаас шаардаж буй. 

Хэдийгээр нутгийн өөрөө удирдах байгууллага нь Улсын Их Хурлын харьяа байгууллага биш, бие даасан статус бүхий байгууллага ч аль аль нь иргэдээс сонгогдож байгуулагддаг төлөөллийн байгууллага, гүйцэтгэх эрх мэдэлд хяналт тавих үүрэгтэй байгууллага гэдэг утгаар Улсын Их Хуралд ИТХ-тай хуваалцах арвин туршлага бий. Энэ зорилгоор бид Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд бүх шатны ИТХ-ын төлөөлөгчдийн суурь сургалтанд 7000 гаруй, Эмэгтэйчүүдийн манлайллын сургалтад 1900 гаруй төлөөлөгчийг хамруулан сургасан нь хурлуудыг идэвхжүүлэхэд чухал үр нөлөө үзүүллээ. Мөн сонгогдсон төлөөлөгчид иргэдтэйгээ харилцахад мэдээллийн технологийн шийдлийг нэвтрүүлэхэд Улсын Их Хурлын Тамгын газар чухал хувь нэмэр оруулсан, ИТХ-уудын нэгдсэн портал цахим хуудсыг иргэд маш идэвхтэй ашигладаг болсон нь сайшаалтай юм.  

Сонгуулийн тухай хуульд Орон нутгийн сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшүүлдэг пропорциональ элементийг хэрэглэхээ больсон, төрийн үйлчилгээний ажилтнууд эрхэлсэн ажлаасаа чөлөөлөгдөхгүйгээр бүх шатны сонгуульд нэр дэвших эрхийг нээсэн заалтуудыг оруулсан. Ингэснээр боловсролын салбарын нийт ажиллагсдын 75.8 хувь, эрүүл мэндийн салбарын нийт ажиллагсдын 81.4 хувийг эзэлдэг эмэгтэйчүүд улс төрийн сонгуульд нэр дэвших үүд нээгдэж байна. Энэ нь анхан шатны нэгжид эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлнэ гэж үзэж, хуульчилсантай холбоотой. Харин дунд шат буюу нийслэл, аймгийн ИТХ-д эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Энэ асуудал нэгэнт хуулиар шийдэгдэх боломжгүй болсон тул Ардчилсан намын хувьд Улсын Их Хурлын сонгуультай зэрэг явагдах 2016 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг нам дотроо 25 хувиар тогтоох боломжтой хэмээн үзэж байгаа. Бусад нам ч энэ жишгийг баримталвал сайн жишиг болно. Эцэст нь, Улсын Их Хурлын гишүүд, ИТХ-ын төлөөлөгчид аль аль нь сонгогчиддоо ажлаа тайлагнаж дүнгээ тавиулах хариуцлагатай үе ирээд байна. Та бүхнийг улс орноо удирдах үйл ажиллагаанд цаашид улам бүр идэвхтэй оролцож, нийгмээ шинэчилж, өөрчлөхөд илүү их амжилт олно хэмээн найдаж байна. Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье. 

        Анхаарал тавьсанд баярлалаа.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment