2016/04/13

ЗТЯ завгүй байна

News.mn сайт долоо хоног бүрийн пүрэв гаригт "Яам агентлагаар сонин юутай вэ" буланг бэлтгэн хүргэдэг. Энэ долоо хоногт Зам тээврийн яамыг онцолж байна.  


Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт 75.1 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Ирэх оны нэгдүгээр сард багтаан барилгын ажлыг дуусгаж, тавдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөөр төлөвлөж байгаа аж.

Ховдод Боинг-оор очсон зорчигчдыг "Фоккер-50 "онгоцоор зэргэлдээх аймгуудад хүргэснээр баруун аймгуудын нислэгийн тийзийн үнэ 40 хүртэл хувиар хямдарч, үйлчилгээний чанар дээшлэх давуу талтай гэж Засгийн газар үзсэн. Одоогийн байдлаар Говь-Алтай, Завхан аймгийн нисэх буудлын хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далангийн ажлыг наадмаас өмнө дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Дашрамд дуулгахад хоёр аймгийн нисэх буудал засварлах ажлыг 2008 онд гүйцэтгэхээр гэрээ байгуулсан ч найман жил гацжээ. 

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нарийн царигаар барих ажлыг ЗТЯ хариуцаж, бүтээн байгуулалтын ажлыг энэ хавар эхлүүлэхээр төлөвлөөд байгаа юм.

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван улсыг дамнасан автозамын дамжин өнгөрөх тээвэрлэлт хийх хэлэлцээрийн төслийг талууд эцэслэн тохиролцжээ. Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд парк шинэчлэлт хийж, зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор нийтийн тээврийн жолооч нарыг тээвэрт гарахаас нь өмнө эмчийн үзлэгт хамруулахаар бэлтгэж байгаа юм байна.

Автозамын салбарт 2016 онд 30 чиглэлийн 3203.55 км авто зам болон долоон байршилд 1346.6 метр төмөр бетонон гүүр барина. Улсын хэмжээнд зам барилгын бүтээн байгуулалтын ажлыг 4 дүгээр сарын 18-нд нэгэн зэрэг эхлүүлэх аж.

Зам тээврийн яамны гадаа дугуйн зогсоол байгуулахаар ажил эхэлсэн бөгөөд эко унаа хөлөглөх хүсэлтэй ажилтнуудад зориулсан хувцас солих өрөөг ч гаргахаар болсон байна. Энэ асууддыг ажил хэрэг болгох үүднээс ЗТЯ-ны Төрийн захиргааны удирдлага, хууль эрх зүйн газрын дарга Н.Ганибал, Авто тээврийн үндэсний төвийн дарга Н.Пунцаг хариуцан ажиллаж байгаа юм.

Дашрамд дуулгахад унадаг дугуйг тээврийн бусад хэрэгсэлтэй адил хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах талаар бодлогын баримт бичиг, мастер төлөвлөгөө боловсруулахаар болсон байна. Эхний ээлжинд 120 мянгатын уулзвараас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл дугуйн зам байгуулахаар төлвөлжээ.

Т.ДАВААНЯМ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment