2015/07/03

Ц.Нямдорж: Хөрөнгөтэй нь гэр хорионд, хөрөнгөгүй нь ял эдэлнэ

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ж.Батзандан, Ц.Оюунбаатар, О.Баасанхүү, УИХ-ын дэд дарга Л.Цог нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Эрүүгийн тухай хуулийн төслийг дэмжих боломжгүйгээ мэдэгдээд Хууль зүйн байнгын хороонд харьяалагдахаас татгалзаж, гарч буйгаа зарлалаа.

Энэ тухай УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар: Монгол Улсын хуулийн этгээд, аж ахуйн нэгж, компани, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллага, бүх хуулийн этгээдийг эрүүгийн хуулийн субьект болгож,  48 зүйл заалтаар эрүүгийн хэрэгт татна гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эрүүгийн хуульд туссан олон зүйл заалт хүний эрх, эрх чөлөө шударга ёсыг зөрчиж байгаа.

Мэргэжлийн бус олон гишүүн асуудлын учрыг нь олохгүйгээр олонхи болж, бизнесийн эрх чөлөө, хувь хүний эрх чөлөө, шударга ёсыг боогдуулсан хууль батлагдаж болзошгүй нөхцлийг үүсгэсэн учраас  энийг сэрэмжлүүлж, эсэргүүцэж байна.

Тухайлбал, хуулийн этгээдүүдийг гэмт хэргийн субьект болгож, улс орныг шоронжуулж болзошгүй  байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг УИХ Эрүүгийн хуулийг яаран хэлэлцэж, мэргэжлийн бус хүмүүсээр хэлэлцүүлж, батлуулах гэж байгааг хуульч гишүүд эсэргүүцэж байна. Дэлхийн хөгжилтэй оронд Эрүүгийн хуулийг гишүүдийн гуравны хоёроор хэлэлцэж, гуравны хоёроор баталдаг.

Гэтэл Монголын парламент Эрүүгийн хуулийг гишүүдийн гуравны нэгээр хэлэлцэж байна, ажлын хэсгийн 10 гишүүнээс гурав нь сууж бусдын кнопийг хулгайгаар дараад батлах гээд явж байна.

УИХ-аар Эрүүгийн хуулийг хэлэлцэхэд бас л арван хэдэн гишүүн сууж хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийг хэлэлцэх процесс Үндсэн хууль зөрчих замаар явж байна. Ингэж яаруу сандруу хэлэлцэж, иргэд олон нийтийн эрх ашгийг зөрчиж байгаа нь буруу юм.

Эрүүгийн хуульд гэмт хэргийн бүрэлдэхүүн гэдэг ойлголт устан алга болж байгаа. Гэтэл хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагад татна гээд оруулж ирж байгаа, 40 гаруй зүйл ангиар. Хуулийн этгээдэд ямар гэм буруугүй хэлбэр байдаг юм бэ, ийм ойлгомжгүй зүйлүүд, ойлгомжгүй концепцийг олноор нь Эрүүгийн хуульд тусгасан учраас эсэргүүцэхээс арга алга. Тэр тусмаа ажлын хэсгийн 10 гишүүн Эрүүгийн хуулиар бүрэн дүүрэн ойлголцолд хүрээгүй байхад  хүчээр батлах гээд оролдож байгаа нь өөрөө буруу.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хууль, шүүхийн байгууллагынхан хүмүүсээр авлига авсан гэж хэн нэгнийг санаатайгаар гүтгэсэн бичиг бичүүлж байна. Гэтэл гүтгүүлсэн хүн нь шорон гянданд хоригдож, нэр төр нь сэвтэхэд  хамгаалах хуульгүй болсон. Энэ хуулийн төслийг дэмжихгүй гээд хуралдааныг орхин гарч байхад бусдын өмнөөс кноп дарж байна. Тэр байтугай хуралдааныг орхиж гарсан байхад  ажлын хэсгийн гишүүн гэсэн нэрийдлээр асуулт асуулгахгүй байгаа юм. Энэ нь мэргэжлийн хүмүүсийг хууль хэлэлцүүлэхэд оролцуулахгүй байна гэж үзээд нэр бүхий гишүүд бид Хууль зүйн байнгын хорооноосоо албан ёсоор гарахаа мэдэгдэж байна. Яагаад гэвэл Хууль зүйн байнгын хороо мэргэшсэн байх ёстой. Гэтэл өнөөдөр мэргэжлийн бус хүнээр удирдуулаад, барьцаалагдсан хүнээр хуулийн төслөө яриулаад явж байгаа. Бүгдээрээ барьцаанд орсон байна гэж би харж байна. Тийм учраас бид эргээд ард түмэн, мэргэжлийн хүмүүсийнхээ өмнө энэ хуулийг батлахад оролцсон гэсэн бохир нэрэнд хутгалдахыг хүсэхгүй байна гэдгээ албан ёсоор мэдэгдье.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Хууль зүйн байнгын хорооны гишүүд аливаа хуулийн төсөл хэлэлцэх үед хууль зөрчигдвөл сануулж, засуулах арга хэмжээ авдаг гол байнгын хороо. Энэ байнгын хороо үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаагийн зэрэгцээ өөрийнхөө эрхлэн гаргадаг гол хуулиудын тухайд хуулийн алдаатай бодлого үйл ажиллагаа явуулж байна. Тийм учраас цаашид энэ байнгын хороонд байх ямар ч бололцоогүй боллоо. Цагдаагийн байгууллагын тухай хуулийг гаргаж цагдаагийн байгууллагыг бүтэн 3 жил бужигнууллаа.

Шүүхийн хуулийг гаргаж Үндсэн хууль зөрчсөн бүтэцтэй шүүхээр 3 жил үйл ажиллагаа явуулсан. Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргачихаад байхад тоог үсгээр солиод дахиад Үндсэн хууль зөрчсөн зохион байгуулалттай шийдвэр гаргууллаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дур зоргоороо авирлах арга хэмжээг таслан зогсоох талаар ямар ч арга хэмжээ авалгүй 3 жил болж байна. Эцэст нь Эрүүгийн хуулийн хэлэлцүүлгийг ирцгүйгээр, хүний кноп дарах байдлаар хүчээр батлах далд ажиллагаа явуулж, байж болшгүй зүйл хийгээд байгаа учир бид аргагүйн эрхэнд ийм шийдвэр гаргаж байна.  Эрүүгийн хуульд байсан эд хөрөнгө хураах ялын төрлийг байхгүй болголоо. Жишээ нь , галт зэвсгийн,  хар тамхины наймаанаас олсон орлогыг хурааж, хүнийг нь шоронд хийж, нийгмийг аюулгүй болгодог эд. Гэтэл эд хөрөнгө хураах ялыг байхгүй болгосон. Дээрээс нь тооцооны нэгж гэдэг зүйлийг гаргаж ирлээ. Хаана ч байхгүй тооцооны нэгж гэдэг зүйл гаргаж ирлээ. Тэр нь 2000 төгрөгтэй тэнцэнэ гэнэ.  Хэн ч тайлбарлаж чадахгүй зүйлийг Эрүүгийн хуулийн суурь болгосон.  Нарийндаа 1990 оноос өмнө мөрдөж байсан, 1962 оны Эрүүгийн хуулийн торгуулийг хатуу  тоогоор илэрхийлсэн механизмыг суулгаж өгсөн байсан. Одоо цаашдаа мөнгөний ханшийн өөрчлөлтийг Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэх бодлогод харгалзан үзэх ямар ч бололцоогүй болж байгаа юм. Энэ мэт илт зүйл байж байхад Зөрчлийн хуулийг хүчээр батлаад араас нь Эрүүгийн хуулийг хүчээр батлах оролдлого хийж байна. Үүний дараа Эдийн засгийн ил тод байдлыг хангах хууль гаргаад нуусан дарагдуулсан хөрөнгөө ил тод болгоод, хөрөнгө хураах ялын заалтгүй болгох нь.  Хэрэг дээрээ мөнгөтэй хүмүүст үйлчилдэг эрүүгийн тусгай дэглэм Монголд бий болгох гэж байна. Жирийн ардын хүүхэд хэрэг хийвэл хорих газар ял эдлүүлдэг.  Мөнгөтэй хүний хүүхэд хэрэг хийвэл гэрийн хорио гэдэгт цайгаа уугаад сууж байх зүйл хийж байна. Ийм зүйл байж болохгүй. Шүүх, хуулийн өмнө бүх хүн тэгш эрхтэй гэж Үндсэн хуульд бичсэн байдаг. Энэ үндсэн тэгш байдлын эрх алдагдаж байгаа учир бид цаашдаа энэ байнгын хороонд ажиллах бололцоогүй. Цаг хугацаа үүнийг харуулна. Монголын хуулийн байгууллагыг 3 жил самарлаа. Тэгш бусын нөхцөлд Монгол хүн амьдрах зүйлийг Эрүүгийн хуульд хийж байгаа учир бид эсэргүүцэж байгаа юм гэлээ.

Г.ДАРЬ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment