2015/08/28

Санал хүргүүлэх тухай албан тоот хүргүүллээ

Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад санал хүргүүлэх тухай албан тоот өнөөдөр /2015.08.28/ хүргүүллээ.

Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон танай яамны төлөөллийг оролцуулан Хөвсгөл аймгийн газар тариалан, хадлангийн бүс нутагт ажиллаж ургац, хадлангийн байдалтай танилцлаа. Энэ жил гантай байснаас шалтгаалж тариалсан ургацын 50-70 хувийг алдах магадлалтай болсон талаар тариаланчид маань ярьж байна. Бороо хур тундас оройтсоноос болж хадлан авах боломжгүй болсон байна. Иймд газар тариалан эрхлэгчид, малчдын зүгээс тавьж буй дараах саналыг танд уламжилж холбогдох арга хэмжээг цаг алдалгүй авч ажиллахыг хүсье.

Үүнд:

  1. Тариаланчид байгалийн гамшгаас шалтгаалж тариалсан ургацынхаа дийлэнх хувийг алдах нь тодорхой болсон тул газар тариалангийн сангаас авсан зээлээ төлөхөд хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байна. Энэ хүндрэлтэй байдлыг харгалзан үзэж ургац алдахад хүрсэн тариаланчдын уг сангаас авсан зээлийн төлөгдөх хугацааг сунгаж хойшлуулах арга хэмжээг авах

  2. Хангайн бүс нутагт тохиромжтой түргэн болцтой үрийн сортоор тариалан эрхлэгчдийг хангахад туслалцаа үзүүлэх

  3. Хадлан авах боломжгүй нөхцөл байдал үүссэн бүс нутгуудад өвөлжилтийн үүсэж болзошгүй хүндрэлийг даван туулахад шаардлагатай өвс, тэжээлийг бэлтгэж татан төвлөрүүлэх арга хэмжээг цаг алдалгүй авах зэрэг санал хүргүүлжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment