2016/03/17

Цэргийн бааз ба төвийг сахих бодлого

Монгол Улс гадаад бодлогодоо төвийг сахих чиг баримжаа баримтлахаар 2015 оны 9 дүгээр сард зарласан цагаас хойш энэ талаар хэвлэл мэдээлэлд 80 гаруй тойм нийтлэл, ярилцлага гарч, янз бүрийн хүрээнд 19 удаагийн хэлэлцүүлэг явагдсан байдлаас үзэхэд "Төвийг сахих" байр суурь нь "Холын гайг дуудахгүй, ойрын нөмрийг зайлуулахгүй явах"-д тус нэмэртэй бодлого болох тухай ойлгон  зөвшөөрөх хандлагатай байна.

Зарим эрдэмтэн судлаач, улс төрчид, дипломатууд "төвийг сахина" гэхлээр хоёр хөршөөс зай барих улмаар ганцаардахад хүргэж болзошгүй талаар болгоомжилдог ч асуудлын нөгөө тал болох их гүрнүүдийн сонирхол, Ази-Номхон далайн бүс, Зүүн хойд-Азийн геостратегийн цагийн байдлыг орхигдуулалгүй харьцуулан үздэг байх.

Дэлхийн улс орнууд цэргийн эвсэл, холбоонд нэгдэн орохоос гадна гадаад орны цэргийн баазыг өөрийн нутаг дэвсгэр дээрээ байрлуулж аюулгүй байдлаа хангаж байгаад бодит үнэн,  гэтэл зарим орон гадаад орны цэргийн бааз байрлуулснаар ямар сөрөг асуудал, проблемууд үүсдгийг биеэр амссан байдаг.

Манай хойд хөрш ОХУ, Армен, Беларусь зэрэг 16 оронд Агаараас эсэргүүцэн хамгаалах, далайн хамгаалалт, радиолокац, хилийн бүс нутаг хамгаалах чиглэлээр дагнасан болон хамтарсан цэргийн бааз байгуулж, тэр нь багагүй хардалт, проблем үүсгэснийг бодлогын хүрээнд судлан үзээд 1995 он гэхэд  6 оронд байсан  цэргийн баазаа татан буулгасан тухай,  АНУлсын цэргийн бааз 38 оронд байдаг болон бас бус  олон тоон үзүүлэлтийг Стокгольм дахь Олон улсын энх тайвны асуудлын судалгааны хүрээлэнгээс харьцуулан гаргажээ. /Stockholm International Peace Research Institute (SIPRI). Гадаад орны цэргийн бааз  амралт зугаалгын газраас эхлээд олон төрөл, хэлбэр, агуулгатай байдаг бололтой юм.

АНУ-ын цэргийн командлал 2001 оны 9 дүгээр сарын 11-ны өдрийн халдлагын дараа Олон улсын терроризмтой тэмцэхээр Афганистан улсын нутаг дэвсгэрт  холбоотны ажиллагаа явуулахаар шийдвэрлэж Киргиз улсын Бишкек хот дахь "Манас" Олон улсын нисэх буудлыг түшиглэн төвлөрсөн хангалтын зориулалтаар цэргийн бааз байгуулах саналыг Киргиз улсад тавьж, гэрээ байгуулсан.  "Манас" дахь цэргийн бааз нь жилд  4700 нислэгийг түлшээр хангах хүчин чадалтай, 1200 цэргийн байр, 300 гаруй үйлчилгээний ажилтантай  Төв-Ази дахь  томоохон цэргийн баазын нэг болж өргөжсөнөөс гадна баазын түрээсийн төлбөрөөс Киргиз улс  зөвхөн 2011 онд гэхэд 150,6 сая ам.доллар олж байжээ.

Гэтэл  гадаад орны цэргийн бааз байрласнаар дотоодод нийгэм-улс төрийн тогтворгүй байдал үүсэх, хөрш орнуудын объектууд  агаарын болон радио тагнуулын бүсэд өртөх, хяналтгүй бараа материал, хар тамхи мансууруулах бодис зөөвөрлөгдөх, зэр зэвсэг түгээгдэх гээд бааз доторхи асуудлыг тухайн орон хянахад хүндрэлтэй болж,  улс дотор, хөрш зэргэлдээ орнуудад , холбоотнуудад ч адилхан хардалт үүсч  итгэл алдрах байдал улам бүр нэмэгдэх болсны учир тус баазыг 2010 онд татан буулгаснаар  асуудал намжсан гэдэг.

Ер нь төвийг сахихтай холбогдсон асуудлаар  судлах явцад  багагүй материал,  жишээ олддог, цаашдын чиг хандлагыг баримжаалж гүнзгий судалгаа хийхэд илүүдэхгүй юм гэсэн бодол төрсөн юм.  Беларусь улс гэхэд  ОХУ-ын цэргийн баазыг өөрийн нутаг дэвсгэрт байрлуулах талаар маргаантай . Беларусь улсын Ерөнхийлөгч А.Лукашенко 2015 оны 10 сарын 06-ны өдөр  манай улсад ОХУ-ын цэргийн бааз тэр тусмаа агаарын цэргийн хүчний бааз хэрэггүй, харин агаараас хамгаалах орчин үеийн зэвсэглэл л хэрэгтэй болчоод байна" /интерфакс.ру 11.10.2015/ хэмээн мэдэгдсэнийг хэвлэл мэдээллийн байгууллагууд нь өлгөн авч, ер нь манай улс  төвийг сахиж  энх тайвнаар  орших нь зөв гэсэн саналыг гаргах болжээ.

Дэлхийн хүчирхэг гүрнүүд гадаад улсад өөрийн цэргийн баазыг байгуулахдаа тухайн орны газар нутгийн байрлал, эдийн засаг, улс төрийн нөхцөл, цэрэг-улс төрийн аюул гээд дунд болон урт хугацааны бүх талын стратеги шинж чанарыг судалж, өөрт ашигтай байдлаар байгуулахыг алсаас тооцож  зорьдог байх,  харин тэр зорилго  нь  тухайн хүлээн авагч улсын аюулгүй байдлын эрх ашигт тэр бүр нийцдэггүй, одоо үед бол  бүр  хүндрэлтэй. Дэлхийн цэрэг-улс төрийн нөхцөл байдлыг шууд тогтоож таахад бэрх, гагцхүү нарийвчилсан иж бүрэн судалгаа л ерөнхий чиг хандлагын дүр зургийг гаргах нэг боломж юм.

Манай улс гадаад бодлогодоо төвийг сахих байр суурь баримтлахаар зарлахдаа аюулгүй байдал, хамтын ажиллагааны олон талын асуудлууд дунд болон урт хугацаандаа хэрхэн өөрчлөгдөх, түүнтэй яаж зохицож амьдрах  талаар сайтар судлан үзсэн нь мэдээжийн хэрэг.

Олон улсын хэмжээнд хүлээсэн үүргээ чанд биелүүлж чаддагаа харуулж, итгэл даадаг орон байхын мөн чанар нь гадаад талдаа бол төвийг сахих байр суурь гэдгийг Швейцарь улс жишээлээд харуулчихсан.

Тэгэхлээр бид төвийг сахих байр суурь баримтлахдаа Олон улсын өмнө илүү өргөн хүрээнд хариуцлага /тэр тусмаа батлан хамгаалах салбарт/-тай  байж, энхийг эрхэмлэсэн гадаад бодлогоо тууштай хадгалах  замаа засах,  Орос, Америк гээд хэнтэй нь ч адилхан Олон улсын улс төр-дипломатын хэлээр тэгш харьцах, Олон улсын хамтын ажиллагааны  тоглоомын дүрмээр  өөртөө ашигтай, овсгоотой ажиллах нь чухал.

 Аль нэг орон танай газар зүйн байрлалыг ашиглаад /яг Киргиз улсад болсон шиг/ цэргийн бааз байгуулъя гэвэл уучлаарай бид ийм л дээ гэж хэлэх эрх төвийг сахиснаар нээгдэж байгаа хэрэг.  Нутаг дэвсгэртээ гадаад орны цэргийн бааз байгуулж Олон улсын хардалт сэрдэлт, хэл амны бай болохгүй байхыг  дотоодын хууль тогтоомжоор тодорхой зохицуулсан орны нэг бол Монгол, харин  үүнийгээ Олон улсад ойлгуулах арга нь Төвийг сахих байр суурь юм биш үү.

Манай хоёр хөрш 1989 оны 2 сарын 4-ны өдөр улсын хил дээрх цэргийн тоог хорогдуулахаар зөвшилцөн  гарын үсэг зурж, ЗХУ-ын удирдлага  Забайкальскийн цэргийн тойргийн  39 дүгээр армийг Монгол улсын нутаг дэвсгэрээс гаргах тухай  1989 оны 5 сарын 15-ны өдөр хэсэгчилсэн байдлаар, дараа нь бүрэн гаргахаар зарласан гэдэг.  ЗХУ-ын цэрэг Монгол улсын нутаг дэвсгэрээс гарах ажиллагаа 1992 оны 9 сарын 25 хүртэл  28 сар үргэлжилж, 50 мянган цэрэг, 1816 танк, 2531 хуягт техник, 1461 артиллерийн систем, 190 онгоц, 130 нисдэг тэрэг гарсан хуучраагүй, бид мартаагүй тойм мэдээ интернетэд байдаг. Чухамхүү энэ цаг үеэс л бидний гуравдагч хөрш гэж нэрлээд  байгаа орнууд  манай улсад нааштай хандах үүд хаалга нээгдэж эхэлсэн байх. 

Харин бид ЗХУ-ын цэргийн бааз байсан олон барилга байгууламжийг  нураахгүй, байсан байдлаар нь  зөв ашигласан бол дэд бүтэц, үйлдвэрлэл хөгжихөд тус нэмэр болох л байсан.  ЗХУ-ын цэргийн анги, салбар байсан газруудад дурсгалын самбар байрлуулах зэрэг  түүх дурсгал болчих ямар нэг  зүйл хийгээд түмэн олонд үзүүлж байвал наанадаж орон нутагт нэг үзмэр  нэмэгдэх  улмаар  хоёр орны найрамдал итгэлцлийг бэхжүүлэхэд бага боловч тус нэмэр болно  гэдгийг Зэвсэгт хүчний 95 жилийн ойн босгон дээр санал болгоё. 

Судлаач Ж.АМГАЛАН

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment